Алдархаан сумынхан сар бүрийн сүүлийн долоо хоногийг их цэвэрлэгээний өдөр болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-17 14:10:33

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сумын ЗДТГ-аас зориулалтын бус газарт эзэнгүй хог хаягдал хаясан иргэдийг торгох сануулах арга хэмжээг дахин авч 10 дугаар сарын байдлаар нийт гурван тонн гаруй эзэнгүй хогийг цэвэрлэж дарж булжээ.

Тухайлбал Алдархаан сумын Засаг дарга өнгөрсөн 9 дүгээр сард захирамж гарган эзэнгүй хог хаягдал хаясан иргэдийг эрэн сурвалжлах, мөн торгох сануулах, хог хаягдлыг нь ачуулах арга хэмжээг сар бүр явуулжээ. Энэ үеэр зориулалтын бус газар хогоо хаясан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож  таван иргэнд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Учир нь цаг агаар хүйтэрч цас орохоос өмнө эзэнгүй хог хаягдлаа цэвэрлэж дарж булах нь зүйтэй юм. Хавар дулаарч уулын цас хайлж, гуу жалгаар дамжин ахуйн болон, үхсэн малын сэг зэм голын усруу орж бохирдуудаг учир үүнээс сэргийлэх, ахуйн болон барилгын хогийг сард нэг удаа заавал ачуулж байх үүргийг байгууллага, иргэдэд өгчээ. Ингэснээр тус сумын төвийн айлууд сар бүрийн сүүлийн долоо хоног нийтийн их цэвэрлэгээг хийж гэрийнхээ ойролцоох болон, гудамж талбай, албан байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай гудамжны хогийг цэвэрлэж ачуулдаг болоод гурван сар болж байгаа ажээ. Түүнчлэн өвлийн улиралд нийтийн эзэмшлийн зам талбайн цас цэвэрлэх ажлыг байгууллагууд ээлжээр хийж байгаа тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ