Буриад ястны өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-16 12:58:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын ИТХ “Буриад ястны биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлж өвлүүлэх тухай” сумын дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг “Тэшхэ нютагай буриадууд” хэмээх буриадын холбоотой хамтран зохион байгуулж, үр дүнд хүрэхээр төлөвлөсөн юм.

Тус сумын 3500  гаруй хүн амын дөрөвний нэг хувийг эзэлдэг буриад ястны соёл, зан заншлын дэвшилттэй бүхнийг өвлөн авч тэдний өв соёлыг хамгаалан залуу үед өвлүүлэх, түүх соёлын уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, буриад ястны биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах зорилгоор энэ хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлж байна.

- Нутгийн ахмад буриадууд, ардын авьяастнуудтай уулзаж, хуучны дуу шүлэг, ардын домог яриа тэмдэглэх, буриад зоны ахуй амьдрал, зан заншлыг судалж үндэсний хувцас эсгэх, оёх аргаас суралцах, түүх соёлын дурсгалт зүйл, угсаатны зүйн эд өлгийн зүйлийг цуглуулж баримтжуулах зэрэг ажил хийж байгаа талаар сумын Засаг дарга Б.Батсайхан ярилаа.

Тус сумын иргэд баяр ёслолын үеэр үндэсний хувцасаараа гоёх нь ихэсч байгаагийн дээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон “Бага алтаргана” наадамд оролцож, ирэх жил уг наадмыг зохион байгуулахаар болжээ. Мөн ардын авьяастан Б.Пүрэвсүрэнгээр “Сууха хуур”-ыг иргэдэд зааж сургах ажил зохиож байгаа аж.

Буриад ястны эртнээс уламжлан ирсэн хувцас хэрэглэл, эд зүйлс болон хэл соёл, зан заншил устах хандлагатай байгаа учраас сумын дэд хөтөлбөр гаргасан байна. Сургуулийн бага ангийнхнаас буриадуудын эд зүйлс, ахуй амьдрал, зан үйлийн тухай авсан судалгаагаар 11-15 хувь нь анхны мэдэгдэхүүнтэй байжээ. 

Холбоотой мэдээ