Автотээврийн салбарт анх удаа итгэмжлэгдсэн байгууллага тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-16 01:27:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/-аас АТҮТ-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв болон техникийн хяналтын 3 төвд  “Итгэмжлэлийн гэрчилгээ” олгов.

Автотээврийн салбарт анх удаа итгэмжлэгдсэн тус мэргэжлийн байгууллагууд нь Монгол Улсын хууль дүрэм, журам, стандартад нийцүүлж, автотээврийн салбарын хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах хууль эрх зүйн орчноо ийнхүү бүрдүүлэв. Энэхүү ажлыг мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл гарган гүйцэтгэсэн дээрх төвүүдийн ажилтан, албан хаагчдад АТҮТ үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран болон удиридлагууд “Итгэмжлэлийн гэрчилгээ”-г гардуулан өгөв.

Тэрбээр, “Автотээврийн салбарт итгэмжлэгдэж буй анхны мэргэжлийн байгууллага болж, стандартын дагуу, иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үндэс суурь тавигдлаа. Ингэснээр байнгын хяналттай салбарын үйл ажиллагаанд баталгаажилт, тохирлын үнэлгээг хийж хэрэгжүүлэх хууль зүйн орчин албан ёсоор бүрдэж байгаа бөгөөд бидний цаашид хэрэгжүүлэх уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл болов” хэмээв.

Итгэмжлэлээ гардаж авах үеэр Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн менежер А.Батчулуун, “Автотээврийн салбарт судалгаа, эрдэм шинжилгээ, тохирлын үнэлгээ хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий манай төв дэд бүтцийн бусад салбарууд дундаас автотээврийн салбарт тохирлын үнэлгээний бүх чиг үүргийг хэрэгжүүлсэн анхны мэргэжлийн байгууллага болоход зөв удирдан зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн удирдлага, ажилтнууддаа талархал илэрхийлье” хэмээв.

Холбоотой мэдээ