Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 15:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн энэ оны 10 дугаар сарын 10-ны дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27, 10 болон 73 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.

Тодруулабал уг хуулийн 27.1.5 дахь заалтад, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн. Түүнчлэн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно" хэмээн заасан нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг өөрчлөн найруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ