Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 15:29:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн Улсын дээд шүүхийн шүүгчэд гомдол гаргах эрхийг тусгаагүй аж. Энэ нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц энэ он 07 дугаар дүгнэлтэд тусгасныг УИХ хүлээн авсан юм. Тиймээс уг хуулийн төсөлд иргэн анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн шүүгчид гомдол гаргах байх зохицуулалт тусгасныг О.Батнасан гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Танилцуулгатай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн саналыг тусгасан эсэхийг тодруулав. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Улсын дээд шүүхээс албан бус санал авсан” гэсэн хариу өглөө.

 асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Уг хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөд энэ үеэр төсөл санаачлагч О.Батнасан гишүүн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Энэ дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь дэмжиж, батлав.

Холбоотой мэдээ