“Улаанбаатар төмөр зам”-ын төлсөн татварыг хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 13:09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй байх үүргийг Монгол Улс хүлээжээ. Гэвч  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1998 оны 07 дугаар сарын 01-нээс хойш өөрийн хэрэгцээнд зориулан импортлосон технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд ногдох албан татвар болон онцгой албан татварыг тогтомол төлж эхэлсэн байна. 1998-2015 онд нийт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна. Харин ОХУ-ын талаас тавьсан хүсэлтийн дагуу 2017 оноос дахин онцгой албан татвараас чөлөөлжээ. Тиймээс төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт 1998-2015 онд төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутан тооцохоор дээрх хууль, тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар танилцууллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59  хувь дэмжиж, хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулган 15.00 цагт үргэлжилнэ.

Холбоотой мэдээ