Агаар бохирдуулж буй иргэнийг 50 мянгаас нэг сая төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-15 15:34:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харъяалах 138 хороонд 152 улсын ахлах байцаагч томилж хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэв.



НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Хяналт шалгалтаар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбож, 33  халаалтын зууханд үнс баригч тавиулан, 3 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Мөн 1475 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар сольсноор жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор буруулсан” гэв.



Мөн тус газраас агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийсэн талаар Тээвэр, авто хяналтын улсын байцаагч Х.Энхням мэдээлэв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгардаг утааны хэмжээг АТҮТ, ТЦА-тай хамтран шалгав. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 ААН-ийн 200 гаруй нийтийн тээврийн автобусны утаанд тусгай төхөөрөмжөөр хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр утаа ялгаруулж байгаа 136 автобус байгааг илрүүлж, зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг удирдлагуудад нь өгсөн” гэв.

НМХГ-ын дээрх шалгалтын хүрээнд 6 дүүрэгт, 8 үйлчилгээний газрын гадна ашиглаж буй ариун цэврийн байгууламжид хяналт хийхэд эрүүл мэндийн зохих шаардлагыг хангаагүй, төвлөрсөн шугамд холбогдоогүй 21-ийг нь буулгаж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольжээ. Эдгээр зөрчил нь хөрсний бохирдол үүсгэж улмаар гүний усыг бохирдуулах сөрөг үр дагавартай аж.

Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулсан зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлж байхыг хүсэв. 

Зөрчлийн тухай хуулиар Агаар бохирдуулж буй хүнийг 50 мянгаас 1 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянгаас 10 сая хүртэл төгрөгөөр торгодог байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НМХГ-аас 758 иргэнд 23 удаагийн сургалт зохион байгуулж, 213 аж ахуйн нэгж, байгууллагын 300 гаруй албан тушаалтан хамарчээ.

Холбоотой мэдээ