УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 12:32:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонслоо.

ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 42 настай. 1984-1995 онд нийслэлийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шхихутуг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч улмаар 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуульд хууль зүйн магистр хамгаалжээ. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн тухлах, нарийн бичгийн дарга, 2005-2006 Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Мөн С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авсныг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа.

Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн, “Шүүхээс 13 настай охиныг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа талаар иргэд гомдол ирүүлсэн. Энэ мэт асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг ШЕЗ болон нэр дэвшигч анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг шүүх гацаасан. Хуулийн дагуу УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх ёстой байтал шүүх байгууллага оролцож байгаа нь буруу. Үүнд буруутай шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Мөн Х.Болорчулуун, Т.Аюурсайхан нарын гишүүд иргэд Улсын дээд шүүхийн шийдвэрт итгэхээ больсныг шүүмжлээд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллахыг нэр дэвшигчид захив.

Түүнчлэн Б.Энх-Амгалан гишүүн,“С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралд цор ганц гэрчийг нь оролцуулаагүй. Цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, татвараас зайлсхийсэн гадаадын иргэнд өршөөл үзүүлсэн зэрэг шударга бус асуудал олон бий. ШЕЗ энэ бүх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй” гэлээ.

Харин Л.Энх-Амгалан гишүүн 2016 онд Монгол Улсын шүүхүүдэд ажиллаж байгаа 511 шүүгчийн 376 шүүгчтэй холбоотой 230 гаруй гомдол ирснийг дурьдаад, “хоёр шүүгч тутмын нэгийнх нь шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Иргэдийн гомдлын дийлэнхийг хууль буруу ашигласан, мөнгөтэй талд үйлчилсэн, нэг талыг барьж шийдвэр гаргасан зэрэг шүүмлэл эзэлж байна. Энэ нь Монгол Улсад шударга ёс байхгүй болсныг илэрхийлэл” гэв.

Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон тухай санал, дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ