Төв Америкийн цагаачдын цуваа АНУ-ын хилд тулж ирээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-15 11:08:47

ВАШИНГТОН. /NHK/. Төв Америкийн олон зуун цагаач АНУ-ын Мексиктэй хил залгаа хил дээр тулж ирээд байгаа бөгөөд АНУ-ын цэргийн албан хаагчид тэднийг хил давуулахгүй байхаар бэлтгэж байна.


Цагаачдын цувааны дийлэнхийг Гондурасын иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэд АНУ-аас орогнол хүсэхээр тус улсын хойд хилийг зорин явж байгаа юм.


Цуваанаас тасарсан бүлэг цагаач иргэд Мексикийн хилийн Тихуана хотод лхагва гарагийн өглөө хэд хэдэн автобусаар ирсэн ажээ. Сайн дурын ажилтнууд тэднийг хоол хүнсээр хангаж, эмнэлгийн ажилтнууд тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.


18 сартай хүүгээ тэвэрсэн Гондурасын 17 настай эмэгтэйн хэлснээр, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэт их байдгийн улмаас эх орондоо амьдрах аргагүй болсон бөгөөд хүүхдийнхээ сайн сайхны төлөө ямар ч эрсдлийг үл хайхран АНУ-д орогнох хүсэлтэй байгаа аж.


Энэ долоо хоногийн мягмар гарагийн орой АНУ-ын Сан-Диего хотод цэргийн албан хаагчид хилийн дагуу хурц иртэй төмөр утсыг татсаны зэрэгцээ хилийн орчимд олон тооны тээврийн хэрэгсүүдийг байрлуулаад байгаа юм. Түүнчлэн цагаачдыг хилийн хана руу авирахаас сэргийлж, хараа хяналтыг чангаруулаад байгаа ажээ. 



Холбоотой мэдээ