Түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 50 хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-14 16:39:13

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо лхагва гарагт зургаагаар нэмэгдэж, 50 хүрсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгч мэдээлэв.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Сан-Франциско хотоос хойд зүгт 300 гаруй километр зайд оршдог Парадайс хотод болон Лос-Анжелес хотоос холгүй оршдог Вентура тойрогт гал түймэр дэгдсэн юм.


Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Парадайс хотоос дахин зургаан хүний цогцос олдож, амиа алдсан хүмүүсийн тоо 48 хүрсэн аж. Харин үлдсэн хоёр хүний цогцсыг Вентура тойргоос илрүүлжээ.


Гал түймэр дэгдсэн бүс нутгийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд АНУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, гал түймэр дэгдэж болзошгүй нутгуудад 200 мянга орчим оршин суугч амьдарч байгаа ажээ.


Түүнчлэн Калифорни муж улстай ойр оршдог муж улсуудаас гал сөнөөгчдийг илгээж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ