Түүх, Археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-11-14 15:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн нэгдсэн I байранд зохион байгууллаа.

Тус хүрээлэнгээс шинжлэх ухааны суурь судалгаанаас гадна тэдгээрийн үр дүнг олон нийтэд түгээн танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, “Монголын угсаатны өв” нэгдсэн сан бүрдүүлэх, археологийн мэдээллийн сан байгуулах, Монголын түүхийн цахим ном бүтээхэд анхаарч буйг эрдэмтэд хэлж байв.


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт ярихдаа, “Нээлтэй хаалганы өдөрлөгөөр Түүх, археологийн хүрээлэнгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлох гурван гол үр дүнг танилцуулж байна. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн болон МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хамтран 2007 оноос хамтран хэрэгжүүлж буй “Орхон” төслийн хүрээнд VIII-IX зууны Уйгурын  эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын худгийг нээж олов. Хар балгасын Ордон хотын цайзат их хэрмийн зүүн урд буланд орших бараг 14 метр өндөр 60x70 метр хэмжээтэй аварга том шороон тавцан дээр байгуулсан барилгын цогцолбор юм. 2018 оны малтлагаар энэхүү нүсэр байгууламжийн төв гол хэсгээс VIII-IX зууны үед хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан маш сайн хадгалсан эртний худгийг илрүүлэн олсон нь Монголын дундад эртний түүх, археологийн судалгаа, Төв Азийн эртний барилга архитектурын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн шинэ нээлт боллоо. Энэ нь манай оронд судалсан эрт, дундад үеийн нүүдэлчдийн хот суурины дурсгалаас энэ төрлийн байгууламж олдож буй анхны тохиолдол болох юм. Үүнийг энэ сарын 21-22-нд болох “Шинжлэх ухаан технологи-2018” үзэсгэлэнгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулна. Мөн БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг зохион байгууллаа. Өргөн уудам нутгийг багтаасан эзэнт гүрнийг байгуулж Дорно-Өрнийг холбож өгсөн нүүдэлчдийн түүх, соёлыг энгийн байдлаар ойлгуулах үүднээс Хүннүгийн булшнаас олдсон грек-ромын домгийн бурхдын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 233 дэсийн 533 ширхэг үзмэр дэлгэн үзүүлсэн нь манай улсаас Азийн орнуудад гаргасан анхны том үзэсгэлэн болов. Түүнчлэн Дани улсын Үндэсний музейд ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл гарах “Чингис хааны тал нутаг:Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад оны цуглуулгууд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хээрийн судалгаагаар илэрч олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэж буй юм” гэв.

Мөн тэрбээр Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Ш.Нацагдорж-Эрдмийн бүтээлийн эмхэтгэл” 10 ботийг гаргаж, академич Ж.Болдбаатар “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэгэн сэдэвт зохиолыг хэвлүүлж, МУИС-ийн багш, доктор С.Шаарийбуу “Нацаг багш” баримтат кино бүтээсэнийг дурдав.

Өдөрлөгийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D)  Д.Тод “Түүх, археологийн хүрээлэнгийн баримтын санд хадгалж буй баримтын тухай”, Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) А.Пунсаг “Монголын Нууц Товчоо бол монголчуудын түүх, соёлын нандин өв мөн”, Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ж.Гантулга “Монголын буган хөшөөний судалгааны сүүлийн үеийн үр дүн”,  Хүннү ба эртний түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн “Монгол нутгаас олдсон эртний төмөр үйлдвэрлэлийн дурсгалууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн энэ үеэр Түүх, Археологийн хүрээлэнгийн ном, бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж “2018 оны Археологийн хээрийн судалгааны үр дүнгээс” дэлгэн үзүүлэв. Үзэсгэлэнд 11 төрлийн 40 орчим олдвор олны хүртээл болж байна.


Тухайлбал, Хүннүгийн үеийн хүний оршуулга, шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвнүүд, тариа цайруулах самбар чулуу, нухуур чулуу, хүрэл зэвсгийн үеийн хазаарын амгай, төмөр зэвсгийн үеийн байлдааны зээтүү, чичлүүр хутга, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумаас 2006 оны малтлагаар гарсан олдвор, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын хөндийгөөс 2014 оны малтлага судалгаагаар гарсан шавар ваар, бүсний ясан чимэг, XVII зууны үеийн Язгуурын таван бурхан, барилгын чимэглэл зэргийг дэлгэжээ.

Холбоотой мэдээ