Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-14 15:03:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн Улсын дээд шүүхийн шүүгчэд гомдол гаргах эрхийг тусгаагүй аж. Энэ нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц энэ он 07 дугаар дүгнэлтэд тусгасныг УИХ хүлээн авсан юм. Тиймээс уг хуулийн төсөлд иргэн анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн шүүгчид гомдол гаргах байх зохицуулалт тусгасныг О.Батнасан гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Энэ үеэр төсөл санаачлагч хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараагаар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн энэ оны 10 дугаар сарын 10-ны дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27, 10 болон 73 дугаар зүйлийн зарим зааот Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.

Тодруулабал уг хуулийн 27.1.5 дахь заалтад, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн. Түүнчлэн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно" хэмээн заасан нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрсөн хэмээн дүгэжээ. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг өөрчлөн найруулсныг Н.Учрал гишүүн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.

Холбоотой мэдээ