Хар нууранд загас барихаар яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-15 09:23:47

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим загас барихаар завьтай яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч Завхан аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, ар гэрийн 12 хүн, орон нутгийн нэг иргэн, нийт 22 хүн, гурван бүлэгт хуваагдан эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Эрлийн гурван баг 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хар нуур”-ын эрэг дагуу болон нуурын голд орших “Их-Авгаш”, “Бага-Авгаш” арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна. Харин 16:00 цагт “Их-Авгаш” арлын зүүн урд талын эргээс тухайн иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг /Ө-48°20’48.35″, У-96°09’20.37”/ хөвж явахад нь олсон байна.


Өнөөдөр буюу 11.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Одоогоор тодорхой мэдээлэл алга, эрэн хайх ажиллагаа яг одоо явагдаж байгаа хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн  

Холбоотой мэдээ