ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-14 13:48:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс өнөөдөр ёс зүйгүй үйлдлүүддээ хариуцлага хүлээж УИХ-ыг тарахыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан өрнүүлэв.

Иргэн Д.Отгонбат, "ЖДҮХС-гийн зээл сүүлийн хоёр жилд очих ёстой эзэндээ хүрээгүй. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд хамаарал бүхий компаниуддаа хэдэн тэрбумаар нь хуваан авсанд иргэд туйлын их бухимдаж байна.  Хууль бус үйлдэл гаргасан хэн боловч хариуцлагаа хүлээх ёстой" гэв.

“Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараах шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу ирэх хүртэл Сүхбаатарын талбайд суулт хийхээ уламжлав.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж жагсаалын хүрээ тэлж буйг зохион байгуулагчид онцлов. Жагсагчид ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий сайд, дарга нар зээлээ эргүүлэн төлчихөөд "Уучлалт" гуйгаад өнгөрөх нь шударга ёсонд нийцэхгүй хэмээж байв.


Холбоотой мэдээ