Хулгайгаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-11-14 12:24:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн Прокурорын газарт зөрчлийн 500 хэрэг бүртгэгдсэнээс 49 нь хулгайлах зөрчил байсан байна. Үүнээс 24 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 24 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ.

Дээрх хэргийн ихэнх нь Баянхонгор сум, багуудын нутаг дэвстгэрт үйлдэгдсэнтэй холбогдуулан аймгийн Прокурорын газраас холбогдох хууль хяналтынхан, Цагдаагийн газар, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарыг оролцуулан "Хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зөвлөлгөөнийг Баянхонгор хотноо хийлээ.

Хулгайлах зөрчил, хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт буурахгүй байгаа юм. Тиймээс олон нийтийг сонор сэрэмжтэй байлгах, зөрчил гаргасан этгээдийг олж тогтооход зөвлөлгөөнд оролцсон бүх нийтийн оролцоо чухлыг аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр зөвлөлгөөний нээлтэд хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн зөвлөлгөөнд оролцогчид хулгайлах зөрчлийг бууруулах талаар нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэх үүргийг бас хүлээж байгааг сануулж байсан.

Зөвлөлгөөний хүрээнд Хулгайлах зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Билэгсайхан мэдээлэл хийсэн бол Баянхонгор сумын ГХУСЗ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ажил түүний үр дүнгийн талаараа Баянхонгор сумын ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Б.Соронзонбаатар тайлагналаа.

Тус зөвлөлгөөний төгсгөлд оролцогчдын оновчтой санал санаачлагыг тусгасан зөвлөж гаргасан ба түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр оролцогч бүр анхаарч ажиллахаар тогтов.

Дашрамд дуулгахад, 2017 оны долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хулгайг “Хулгайлах зөрчил”, “Хулгайн гэмт хэрэг” гэж ангилан шийтгэлийг тодорхой болгож өгчээ. Тодруулбал шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 301.000 төгрөгөөс дээш үнэ бүхий зүйл хулгайлсан тохиолдолд энэ нь хулгайн гэмт хэрэгт тооцогдож гэмт хэргийн шугамаар шалгаж шийдвэрлэгдэж байна. Харин 301.000 төгрөгт хүрэхгүй эд зүйл хулгайлсан тохиолдолд зөрчлийн хэрэг болгон шалгадаг болжээ. Энэ зөрчил нь гэмт хэргийн өмнөх үе шат. Өмнөх хуулиар хулгайн зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл тооцоод өнгөрдөг байсан бол энэ хуулиар шүүхээр тодорхой хэмжээний шийтгэл ноогдуулдаг болсон байна.


Холбоотой мэдээ