Манай хөлбөмбөгчид Тайванийн шигшээд 2:1-ээр хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-14 08:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөж буй манай эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр талбайн эзэн Тайванийн багт 2:1-ээр хожигдлоо.


Тоглолтын эхний найм, 10 дахь минутад Тайваны турк гаралтай довтлогч Онур Доган манай хаалганд гоол оруулсан юм. Талбайн эзэд ийнхүү эхний 10 минутад хоёр гоолтой болж, давуу байдалтай болж ирсэн. Гэвч манай залуус хоёрдугаар үед сэргэж, 62 дахь минутад Н.Цэдэнбал нэг гоол хийсэн юм.


“Талын хөх чононууд” хичээсэн ч дахин гоол оруулж чадсангүй. Энэ тоглолтод манай залуус тэнцэх эсвэл хожих даалгавартай байв. Өмнө нь манай залуус Хойд Солонгосын шигшээд хожигдсон учраас энэ удаа заавал хожих ёстой байсан ч ийнхүү 2:1-ээр хожигдлоо.


Ирэх баасан гарагт буюу энэ сарын 16-ны өдөр манай баг, Хонконгийн шигшээ багтай тоглоно. Өчигдрийн тоглолтод БНАСАУ-ын баг Хонконгийн шигшээтэй тоглож 0:0-ээр тэнцжээ.


Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан ч финалд өрсөлдөх эрхгүй болж байна.

Холбоотой мэдээ