Зургаан төсөлд 400 гаруй сая төгрөгийн дэмжлэг олголоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-11-14 11:09:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнийг дэмжих үндсэн чиглэлтэй. Үүний хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой, өндөр үр дүн, ач холбогдолтой төсөл хөтөлбөрт тодорхой нөхцөл шаардлагын дагуу санхүүгийн дэмжлэг олгодог. Тэгвэл ЖДҮ-ийг дэмжих зээлийн хорооны шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч нарт эхний санхүүжилтийг олгожээ. Зургаанд төсөлд нийт 420 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Тодруулбал, адууны махыг экспортод гаргах төсөлд 100 сая төгрөг, хэрэгжүүлэгч нь Баруун-Урт сумын Дарьт шүтээн ХХК. Тус компани нь сүүлийн арваад жилд ЖДҮ-ийн чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа компани бөгөөд 10 гаруй нэр төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин энэ жилээс орон нутагтаа анх удаа адууны мах экспортод гаргах ажлыг эхлүүлж байгаа аж.

Мөн Оргил бейкэри нарийн боовны цехийн өргөтгөлд 50 сая, гахайн эрчимжсэн ферм хөгжүүлэхэд 120 сая, Дарцагт-Овоо ХХК-ийн үслэг эдлэл боловсруулах төсөлд 35 сая, малын яс боловсруулах төсөлд 50 сая, Халзан сумын ЖДҮ эрхлэгч Б.Мөнхболдын хөмүүл таана даршлах, хүнсний ногоо хатаах төсөлд 36 сая төгрөгийг тус тус олгожээ.

Төсөл хэрэгжүүлэгчид тавигдах гол шалгуур нь Сүхбаатар аймгийн харьяат байх ёстой юм байна. Цаашлаад хувь хүний бүрэн чадамжтай, муу ангилалд шилжсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, бизнесийн туршлагатай, төсөл нь тодорхой судалгаанд үндэслэсэн байх зэрэг холбогдох шаардлагуудыг тавьдаг аж.

Хамгийн анх санхүүжилт олгосон хайрцаг сав баглаа боодлын үйлдвэр байгуулах, сүү цагаан идээ боловсруулах, хатуу болон зөөлөн эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах оёдлын үйлдвэрийн төслүүд нь бүгд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

 

Холбоотой мэдээ