Улиастайчууд усан бассейнаар өдөр бүр үйлчлүүлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-15 17:33:43

Завхан/МОНЦАМЭ/.Улиастайд өнгөрсөн намр нээлтээ хийсэн Усан бассейн бүхий спорт цогцолборын усан бассейн туршилтаар ажиллаж байгаад энэ сарын 19-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм байна.

Тус цогцолборын усан бассейнд мэргэжлийн багш нар хичээл зөөх бөгөөд энэ сарын 13-наас бүртгэл нь эхэлжээ. Нэг ээлжинд хоёр багш, нэг эмч, нэг цэвэрлэгчтэй өдөрт хоёр ээлжээр ажиллаж, хүүхэд, насанд хүрэгчдийг тус тусад нь хүлээн авах ажээ. Усан бассейнд хичээллэх болон, үйлчлүүлэхээр ирсэн хүн бүр шаардлагатай таван шинжилгээг заавал өгсөн байх юм байна. Мөн усны малгай, хувцас, шилийг заавал бэлтгэж үйлчлүүлэх хэрэгтэй. 

Амралтын өдрүүдээр чөлөөт сэлэлт буюу усанд сэлж чаддаг хүмүүс ирж үйлчлүүлж болох юм. "Өнөөдрийн байдлаар бассейнаар үйлчлүүлэх, сургалтын төлбөрийн тариф тогтоогдоогүй байна. Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр тариф тодорхой болно.  Энэ жилийг дуустал иргэдийг чийрэгжүүлэх талын сургалтууд явагдана. Харин ирэх 2019 онд усан спортын төрөл бүрийн сургалт, бүсийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг төлөвлөж явуулах юм" хэмээн Усан бассейн бүхий спорт цогцолбороос мэдээлэв.

Дашрамд тус цогцолбор нь 1000 хүний суудалтай бөгөөд 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний суудалтай спорт заал, жүдо, самбо бөх, гимнастик болон бүх төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай, иж бүрэн агааржуулалтын системтэй, усан халаалттай юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Завхан аймагт төдийгүй баруун бүсийн хэмжээнд усан спорт болон спортын бусад төрлөөр стандартын шаардлага хангасан, тохилог орчинд уралдаан тэмцээн зохион байгуулах боломж бүрджээ. 


Холбоотой мэдээ