БНХАУ-Сингапур чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-13 17:01:40
twitter.com/Nyamkanmk

СИНГАПУР. /channelnewsasia/. БНХАУ болон Сингапурын төлөөлөгчид өчигдөр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дунд талууд хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээр орж байна.


БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Сингапурт таван өдрийн ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан дээрх хэлэлцээрийг байгуулжээ.


Тэрбээр 2013 онд БНХАУ-ын Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа Сингапурт айлчилж байгаа нь энэ бөгөөд үлдсэн өдрүүдэд Сингапурын хэд хэдэн өндөр албан тушаалтантай уулзалт хийхээр төлөвлөжээ.


Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунг Ерөнхийлөгчийн ордондоо Ли Көцяныг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ үеэр тэд хоёр талын уулзалт хийж, хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцжээ.


БНХАУ-ын дарга Си Жиньпин 2015 онд Сингапур айлчилснаас хойш талууд гурван жил гаруй хугацаанд найман удаагийн хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-Сингапурын чөлөөт худалдааны гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээгээр Сингапурын бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлж, БНХАУ руу петрохимийн бүтээгдэхүүн нийлүүлж, зах зээлээ тэлэх боломжтой болсон билээ.

Холбоотой мэдээ