У.Хүрэлсүх: Болохгүй зүйлтэй тэмцэхэд асар их мөнгөтэй бүлэг хүмүүстэй тулгарч буйгаа би нуухгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-13 17:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн төлөөлөл шатахууны үнийн өсөлт болон нийгмийн асуудлаар уулзах хүсэлт ийг Ерөнхий сайдад тавьсаны дагуу хүлээн авч, уулзлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Шатахууны үнийн асуудал монголчуудын санааг олон жил чилээж байна. Шатахууны үнэ үе, үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын санааг чилээсэн асуудал яах аргагүй мөн. Ард түмний аж амьдрал, улс орны бүтээн байгуулалт, хүн бүрийн идэх талх, үйлдвэрлэл, цалин хөлстэй  холбоотой асуудал бол бензин шатахуун. Үүн дээр эрчим хүчний асуудал нэмэгдэнэ. Залуучууд маань сэтгэл зовж шатахууны үнэ ханш, нийгмийн асуудлаар төр засагтаа хандаж уриалга гаргаж буйг Ерөнхий сайдын зүгээс зөв зүйтэй хэрэг гэж хүлээн авч байна. Гэхдээ Монгол Улсын хувьд 100 хувь гаднаас нийлүүлж буй шатахууны үнэ биднээс үл хамаарах зүйл олон бий. Манай улс ОХУ-аас шатахууны 98 хувийг, БНХАУ, БНСУ-гаас хоёр хувийг нийлүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Тухайлбал шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотой импортлогчид тодорхой хэмжээгээр үнэ өсгөдөг зүйл байгаа. Энэ бүхэнд анхаарал хандуулж ажиллах ёстой. Та бүхний тавьсан шаардлагыг хүлээн авч хамтарч ажиллана. Түүнчлэн бензины үнийг өсгөхгүй гээд төр засгаас мөнгө хэвлэж гаргаад, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь урт хугацаандаа ач холбогдолгүй. Улс орны эдийн засгийн суурийг хөндөх аюултай. Зах зээлийн эдийн засгийн эсрэг ажилладаг гэм бий. Энэ утгаараа бүх юмны үнийг төр засаг барина гэдэг зохимжгүй. Харин төр засаг тодорхой хэмжээний зөв зохицуулалтууд хийх ёстой ” хэмээв.


 Иргэдийн төлөөлөл: Бид гурван хоногийн хугацаанд цахим орчинд үзэл бодлоороо нэгдэж дуу хоолойгоо илэрхийллээ, ард түмнийхээ өмнөөс шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг тэмцье гэсэн залуучууд энд хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн шатахууны үнийн хөөрөгдлөөс илүүтэй ард түмэн энэ нийгэмд шударга ёс тогтоохыг хүсч байна.  Монгол Улсад шударга ёс дутагдаж байна. Харин энэ хоёр өдөрт Засгийн газрын тэргүүн та шударга ёсны салхийг улс төрд эхлүүллээ гэж бид дүгнэж байгаа. Шударга ёс байсан бол өнөөдөр үнийн өсөлт, хуурамч шатахуун, дутуу шахдаг гэх асуудал нийгэмд бий болохгүй байлаа. 60 тэрбум төгрөгийн асуудлаар  Ерөнхий сайд таныг тууштай тэмцэнэ гэдэгт монголын ард түмэн найдаж байна. Шударга ёсны төлөө  Ерөнхий сайд таныг тэмцэхэд 20 мянган машинтай залуус  дэмжинэ” гэлээ.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Шатахууны үнэ сүүлийн хэдэн хоног дэлхийн зах зээл дээр тасралтгүй буурч байна. ОХУ-аас импортлогчид үнэ өссөн үед шатахуунаа нийлүүлсэн учир өнөөдөр дэлхийн зах зээлийн ханшийг дагаад манайд буухгүй. Энд цаг хугацаа орно. 12 дугаар сараас буусан үнээр шатахуун орж ирэхэд бензиний үнэ хямдарна. Яагаад шатахууны үнэ нэмэгдэв гэхээр Ираны үйлдвэрлэж буй  нефтэд АНУ хориг тавьснаар өсөлт ирсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлахдаа төрийн департментийн дээд удирдлагатай  уулзах үеэр ярианы сэдвийн нэг нь  шатахууны үнийн өсөлт байсан. АНУ-ын Иранд тавьсан хориг дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Үнийн өсөлт монголын эдийн засаг болон нийгэмд  тогтворгүй байдлыг бий болгож байна.  Эдийн засгаа эмхлэн сэргээх ажилд ачаа нэмж байгааг тэрээр тодотгосон. АНУ  хориг үйлчлэхгүй гэж зарласнаас хойш  дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурлаа” хэмээн онцлов.


 Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Бензин дутуу шахаж байна гэсэн гомдол байна. Ард иргэдийг хохироож хулгай хийж байгаа энэ нөхдийг маш сайн шалгаж хянахыг ШӨХТГ, МХЕГ-ийн удирдлагууд та бүхэнд дахин үүрэг өгье. Хуурамч бензин байна гэсэн мөрөөр  тухай бүрт нь очиж шалгах ёстой. Гэнэтийн шалгалтууд хий. Түүнчлэн  төрийн хяналт шалгалтаас  гадна иргэд хаана хууль бус үйл ажиллагаа явж буйг гар утсаараа баримтжуулан холбогдох байгууллагуудад хандах боломжтой хэмээн онцолход иргэдийн төлөөлөл зөрчлийн тухай хууль үүнийг боомилж байгаа шүү хэмээв.


Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,  “Нийгэмд шударга ёс, сахилга батыг бий болгох, хариуцлага, дэг журмыг тогтоохын төлөө төр засагтайгаа хамтарч ажиллах санал санаачилга гаргаж буй та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би бол жирийн нэг  жолоочийн хүүхэд. Миний аав, ээж хоёулаа тээврийн жолооч хүмүүс байсан. Энэ утгаараа шатахууны асуудлыг сайн мэднэ. Бензин үнэд ороход хүмүүсийн амьдрал ямар хүнд нөхцөлд ордгийг ч мэднэ.  Эгэл жирийн ард иргэд нийгэм улсдаа шударга ёсыг тогтоож ажиллахыг уриалж байгаад маш их баярлаж байна. Энэ Засгийн газар  байгуулагдаад хоёр асуудлыг чухалчилсан. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журмыг сахиулах, хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоох зорилтыг дэвшүүлсэн. Хоёр дахь зорилтыг сайн хангаж байна гэж бодож байгаа. 2016 онд эдийн засгийн бодит өсөлт 1 хувьтай тэнцэж  байсан. Өнөөдөр 6,3 хувьд хүрч, оны эцэст 7-8 хувьд ирэх таатай нөхцөл бүрдээд байна. Өр ширээ дарж байна. Засгийн газар том том бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж өрнүүллээ. Нефтийн үйлдвэрээ барихаар боллоо. Олон жил ярьсан Тавантолгойгоо хөдөлгөж, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх, Налайх, Дарханы чиглэлд зам тавих гээд олон ажлыг нэрлэж болно. Үүний зэрэгцээ хамгийн чухал асуудал нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх явдал юм. Нийгмээрээ шударга орчинд амьдрахыг хүн бүр хүсч, хүлээж байна. Тэр тусмаа төр засаг нь шударга байх ёстой. Цэвэр нийгэм цогцлоохын төлөө Ерөнхий сайд миний бие мэрийж байна. Гэхдээ шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэхэд  шүдгүй арслан шиг хүчин мөхөсдөх үетэй нүүр тулж байна. Болохгүй зүйлийн эсрэг тэмцэхэд асар их мөнгөтэй, бяртай  бүлэг хүмүүстэй тулгарч байгаагаа би нуухгүй. Тиймээс нийгмээрээ шударга ёсны төлөө хамтдаа зүтгэе” гэлээ.

Холбоотой мэдээ