Д.Цогтбаатар сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-13 16:33:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сүүлийн үеийн байдлын талаар ярилцав.

Уулзалтын эхэнд, Элчин сайд Шин Хаймин цаг гарган хүлээн авч буйд талархалаа илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа ойрын үед хоёр талын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зүгээс хоёр талын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгааг сайшааж, ойрын өдрүүдэд хилийн боомт дээр хятадын талын техникийн шинэчлэлтэй холбоотой үүссэн нүүрсний тээврийн автомашины дарааллын асуудлыг шуурхай зохистой шийдвэрлэхийг хятадын талд онцлон илэрхийлэв. Хятадын тал бодит байдлыг газар дээр нь шалган судлаж, холбогдох арга хэмжээ даруй авахаа илэрхийлж, эдийн засаг, худалдааны харилцаа болон иргэд хоорондын харилцаанд таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ