Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-13 16:07:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд Монголын сумо бөхийн холбооноос тус холбооны түүхт 25 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Өнөөгийн бидний сайн мэддэг сумо бөх одоогоос 25 жилийн тэртээ манай улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсан түүхтэй. Японы мэргэжлийн сумо бөхийн Оошима дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан 6 Монгол хөвгүүнийг сонгож арлын орныг зорьсноор монголчууд сумогийн ертөнцтэй танилцсан түүхтэй.

1992 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхбат, Д.Батбаяр, Н.Цэвэгням, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл нарын 6 залуу Японы нийслэл Токио хотноо анх хөл тавьснаар сумо бөхөөр барилдах монгол бөхчүүдийн их амжилтын гарааг эхлүүлсэн билээ. Энэхүү Монголын сумо бөхийн холбоо нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд 20 гаруй Монгол хөвгүүдэд Японы мэргэжлийн сумогоор хүч, ур чадвараа сорих замыг нээж өгсөн. Өнөөдөр энэ хөвгүүдээс мэргэжлийн сумогийн гурван Их аварга төрсөн төдийгүй арслан, заан болсон олон шилдэг сумочид тодрон гараад байгаа юм. Тэдний гаргасан амжилтууд нь Японы мэргэжлийн сумогийн оргилд хүрсэн, арлын оронд төдийгүй дэлхийд танигдсан амжилтын эзэд болсон хөвгүүдээрээ монголчууд бахархахаас аргагүй билээ.1992 он сумогийн ертөнцөд түүхэн шинэ хуудас нээсэн онцлог жил байсан юм. Олон улсын сумо бөхийн холбоо 1992 оны 12 дугаар сарын 10-нд анхны сумо сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 25 орны 73 бөх хүчээ сорьсон. Анхдугаар ДАШТ-д Монгол Улсын баг анх удаа оролцож Япон, АНУ-ын баг тамирчдын дараа 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэхүү амжилтаас үүдэн сумо бөхөөр тамирчдаа нэгдмэл бодлогоор бэлтгэх зорилгоор 1993 онд Монголын сумо бөхийн холбоо /МСуБХ/ байгуулах эх суурийг тавьсан. Ийнхүү монгол сумочдын амжилтын буухиа түүчээлэн Монгол Улсын 9 сумоч 14 удаа ДАШТ-д түрүүлсэн содон түүхийг бичиж дэлхийд танигдсан түүхтэй. Анх 1994 онд Б.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох нар дэлхийн аваргаар тодорч улмаар 1995, 1997 онд А.Сүхбат, 2006, 2007 онд У.Бямбажав, 2008, 2012 онд Г.Наранбат, 2012 онд Р.Гантөгс, 2014, 2016 онд Б.Төрболд нар аварга болж байв. Харин эмэгтэй сумогийн төрөлд 2010 онд Я.Дулмаа, 2015, 2016 онд Х.Сүнжидмаа нар аварга болжээ. Мөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтан олноор төрж энэ төрөлд дэлхийд 3 дугаарт эрэмбэлэгдсээр байна. МСуБХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр УАШТ-ээ насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын ангиллаар зохион байгуулж байгаа юм.



 

МСБХ-ны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр, энэхүү түүхэн ойдоо зориулж олон арга хэмжээ төлөвлөсөн талаар энэ үеэр сонирхуулсан. Тэрбээр: “Сумо-25 “ хүүхдийн гар зургийн уралдаан,  “Сумо-25 “ эссэ, нийтлэл бичлэгийн уралдаан / Бүх насныхан/ , “Сумо-25 “ асуулт хариултын нэвтрүүлэг тэмцээн, “Миний мэдэх сүмо” уралдаан / Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд/, мөн чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдааныг ирэх сарын 05-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна” гэлээ.

2016 онд анх удаагаа Монгол Улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр хүндтэйгээр зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцсон юм. Буянт-Ухаа спортын ордонд нийт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээн нь 2 өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сумо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм. МСуБХ зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна хүмүүнлэгийн чиглэлээр ч олон үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, 1998 оны Наганогийн өвлийн олимпод Монголын баг тамирчид оролцоход одоогийн  МСБХ-ны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр Монгол Улсын тугч болж, баг тамирчдаа тэргүүлэн дэлхийн тавцанд алхсан түүхтэй. Мөн тус тэмцээний тамирчдад шаардлагатай спортын хэрэглэлээр ивээн тэтгэсэн. 2000 онд Монгол улсын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдэл зудын аюул нүүрлэхэд холбооны зүгээс малчдад 800,000 ам.долларын нэн шаардлагатай эм тариа, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байлаа. 2003 оноос эхлэн аймаг бүрт салбар зөвлөлөө үүсгэн, бүх аймагт сумогийн дэвжээ шинээр байгуулж, орон нутагт сүмогийн спорт хөгжих эхлэлийг тавьсан.

1999 оноос эхлэн жил бүр, тасралтгүй Үндэсний бөх болон их спортын төрлүүдээр Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан, тухайн жилдээ олон түмнээ баярлуулсан 1 ахмад бөхөд хүндэтгэл үзүүлж Сар шинийн барилдааны үеэр 1 хүнд Өргөө цагаан гэр бэлэглэдэг уламжлал тогтоосон.

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхлэсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдаад 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах  зорилготой гар зургийн уралдаан зарлаж байна.

Холбоотой мэдээ