Тэргүүлэгчдийн ирц бүрдэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-13 16:46:13

  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ирц бүрдэхгүй байгаагаас улбаалан хэлэлцэх асуудлууд хойшилсоор байна. Өнөө өглөө 9 цагаас Тэргүүлэгчдийн хуралдаж зарим асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар маргааш болтол хойшилжээ.

Энэ талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Анхбаяраас утсаар тодруулахад “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ирц бүрдэхээ байж, улиралдаа нэг удаа хуралддаг болсон. Тэргүүлэгчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хуралд суугаад бусад асуудлыг хэлэлцэх болохоор хуралд ирдэггүй. Аймгийн ИТХ-ын ажлын алба чадамжгүй байна. Тэргүүлэгчдийг буруу сонгожээ” гэж хэллээ. С.Анхбаяр нь 2016 оны сонгуулиар аймгийн ИТХ-д бие даан сонгогдсон төлөөлөгч юм.

Уг нь бол аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид сардаа 3-4 удаа хуралдах ёстой ч ирц бүрдэхгүй байгаагаас ийнхүү улиралдаа нэг удаа хуралдах болжээ. Өнөөдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааны тов зарлах, аймгийн төсөвт зохицуулалт хийх, мини захын хувьчлалын талаар авах арга хэмжээ, орон нутгийн өмчийг худалдах, актлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх ёстой байжээ.

Аймгийн ИТХ нь 11 төлөөлөгчтэй бөгөөд бие даагч нэг, АН-ын төлөөлөл хоёр, үлдсэн нь МАН-ын гишүүд юм.

 

 

Холбоотой мэдээ