Эрдэмтэд литийн ион батерейн загварыг гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-13 15:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.


Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд эрдэмтэд МУИС, МУБИС, Шинжлэх ухаан технологийн сургуулийн оюутан сурагчдад “Элементүүдийн үүсэл”,“Монте-Карло загварчлал ба хэрэглээ” сэдвээр лекц  уншсан юм.


Тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Батгэрэл хэлэхдээ, “Манай хүрээлэн нь Монгол Улсад физик, техник технологийн онолын болон хавсарга судалгааг хөгжүүлээд зогсохгүй шинжлэх ухааны ололт амжилтыг улс орны хөгжил цэцэглэлтэд түүчээлэн авчирсан эрдэм шинжилгээ судалгааны бие даасан томоохон төв юм. Цөмийн физикийн ололтыг практикт хэрэглэх, байгаль орчны бохирдлыг хянах, эх орны эрдэс түүхий эд, уламжлалт болон шинэ материал судлах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг автоматжуулах, аливаа бүтээгдэхүүний бүтэц, найрлага, физик-химийн шинж чанарыг тодорхойлох, нарны энергийг цахилгаан, дулааны энергид хувиргах зэрэг улс ардын аж ахуйд ач холбогдолтой хавсарга судалгааны ажлыг хослуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээний ажлыг нийтэд танилцуулж буй юм” гэв.

Тус хүрээлэн нь 100 гаруй эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтантай, физик электроникийн, мэдээллийн технологийн, нанотехнологийн орчин үеийн лабораторитай аж.


Энэ үеэр эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа танилцууллаа. Тухайлбал, Материал судлалын лабораторийн эрдэмтэд литийн ион батерейн загварыг гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсноо танилцуулав.

Тус хүрээлэнгийн Материал судлалын салбарын хатуу биеийн физикийн лабораторийн эрхлэгч Л.Сарантуяа хэлэхдээ, “Технологийн хөгжил дэвшил болон хүн төрөлхтний хэрэгцээг даган эрчимтэй хөгжиж буй зүйл бол эрчим хүчний энергийн шинэ үүсгүүр юм. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, үнэ өртөг багатай энергийн үүсгүүрийг бий болгох, гарган авах нь чухал бөгөөд эдгээр асуудлыг шийдэж чадах зүйл нь батерей юм. Бид литийн ион батерейн анодын материалд ашиглах нано хэмжээст шпинел Li4Ti5O12-ыг хатуу төлвийн урвалын арга ашиглан гарган авах улмаар литийн ион батерей үйlдвэрлэх технологийг боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Гарган авсан анодын материалаа ашиглан бид эх орондоо литийн ион батерейг үйлдвэрлэх цаашлаад зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой юм” гэв.

Литийн ион батерей нь 20, 32 маркийн дахин цэнэглэх боломжтой зоосон хэлбэртэй аж. Удирдлага, цаг, жин, компьютерийн санах ойн төхөөрөмж зэргийг цэнэглэж болно.

Мөн ахуйн цахилгаан халаагуур танилцуулсан юм. Физик, технологийн хүрээлэнгийн доктор О.Бөхцоож ярихдаа, “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бид энгийн пааранд шингэн дүүргэж, халаагуур тавьж байна. Энэ халаагуур цахилгаан эрчим хүчний хувьсах гүйдлийн 220В,50 Гц сүлжээнд ажиллан, 0.8 кВт цахилгаан эрчим хүчийг нэг цагт зарцуулна. Халаагуурын давуу тал нь сантехникийн холболт шаардахгүй тул суурилуулах зардал бага.  Энэ паар нь барилгын материалын дэлгүүрт 150-160 мянган төгрөг, тень нь 40-50 мянган төгрөгийн үнэтэй. Нэг халаагуур 24 цаг тасралтгүй ажиллахад сард 57600 төгрөгийн эрчим хүч зарцуулах юм” гэв.
Өдөрлөгийн үеэр тус хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байлаа.
Холбоотой мэдээ