Тэмээн жингийн цуваа нутагтаа очжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-13 16:43:42


   Увс /МОНЦАМЭ/. "Түмэн тэмээт-Завхан сум" сурталчлах үйл ажиллагаанд оролцсон тэмээн жингийн цуваа өчигдөр төрөлх сумандаа очсон байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тохиосон Их Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр Увс аймгийн Завхан сумаас 140-өөд тэмээн жин тээсэн 30 гаруй жинчин Улаангом хотноо ирсэн юм. Сумаа сурталчлах зорилгоор ирсэн тус жинчид Завхан-Улаангом-Завхан сум чиглэлд 10 хоногийн хугацаатай тэмээн жин тээж өчигдөр сумандаа очсон байна.

Тэднийг Завхан сумын ард иргэд баяр хөөр болон угтан авч, бүх жинчиддээ зуун тэмээн жин тээсэн түүхэн "Батламж" хадгалуулжээ. Тэдний дунд явсан ганц эмэгтэй жинчин Ж.Долгорсүрэнг сумын "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшуулсан байна.

Жинчид Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулан Улаангомд ирсэн юм. Тэмээн жингийн цувааг Улаангом хотноо орж ирэхэд төв замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийн хамгаалалт дор Б.Гиваан баатарын талбайд очиж, улмаар Завхан сумыг сурталчлах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн билээ. Энэ үеэр урлагийн тоглолт, тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унасан хосуудын жагсаал, тэмээ томнох үзүүлбэр, тэмээтэй зураг авахуулах зэрэг арга хэмжээ зохиогдсон юм. Жинчид Улаангомоос сум руугаа буцахдаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаад өвс тэжээл, гурил будаагаа ачиж явжээ.
Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй аж. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх 2019 онд гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна. Энэ түүхэн үйл явдлыг угтаж “Сум сурталчлах өдөр”-ийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулсан юм.  

Холбоотой мэдээ