Төрийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд IT-ийн компаниудын хийх ажил үлдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-13 14:22:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нээлттэй мэдээллийн өгөгдөл гэдэг нь төрийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хэлэх бөгөөд энд хаягын бүртгэлээс эхлээд НӨАТ-ын буцаан олголтын Е-баримт, иргэдийн мэдээллийн ТҮЦ буюу төрийн үйлчилгээий цахим машинаас аваад өнөөдөр нийгэмд шуугиж буй ЖДҮ-ийг дэмжих сангийн мэдээлэл ч багтаж байгааг өнөөдөр болсон “Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах хурал дээр илтгэл тавигчид тодотгож байв.

Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Засгийн газраас “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын бүх бүтцийн түвшинд “Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх судалгаа”-г хийснийг мэдээлээд, “Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн олон чухал ач холбогдолтой”-г онцолж байв. Төр, засгийн түвшинд олон төрлийн, их хэмжээний өгөгдлийг хадгалж, цахимжуулж ирэв. Эдгээр мэдээллийг нууцлалтайгаас бусдыг, бүх мэдээллийг одоо иргэд ашиглах, тэдэнд хэрэглүүлэх шаардлагатай болсон бөгөөд ийм боломж бий болоод буйг хэлж байв.


Өнөөдөр төр, засгийн түвшинд Үндэсний статистикийн хорооны 1212.mn, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын tender.gov.mn, Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.gov.mn зэрэг нээлттэй өгөгдлийг авч ашиглах баазууд бий болсныг жишээ татан хэлж байв.

Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх судалгааны багийн ахлах зөвлөх Г.Амарсанаа, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хүрээнд нээлттэй өгөгдлийг гаргахад хууль зүйн талаас саад алга байна. Харин одоо өгөгдсөн мэдээллийг хамгаалах хууль шаардлагатай байна. Нээлттэй өгөгдлийг авч ашиглах боломжийн талаар иргэдэд сурталчлах хэрэгтэй байна. 

Хэрэглэгчид өгөгдлийг өөр өөрийн өнцгөөр тал бүрээс нь боловсруулж ашигласнаар төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг өгөгдөлд түшиглэн хамтарч шийдвэрлэх, төрийн үйл ажиллагааг ил тод болгож, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, өгөгдөлд түшиглэн бизнесийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бүрдэнэ" гэж байна.

Өнөөдөр манай хүн амын 80 хувь нь интернэтэд холбогдсон, хүн амынхаа тоонд хүрэхээр гар утас хэрэглэдэг, нэг ёсондоо төрийн мэдээллийн нээлттэй өгөгдлийг хүлээн авах мэдээллийн бааз суурь бэлэн байгаа боловч мэдээллийг хүлээн авах тал дээр иргэд бэлэн эсэх, нөгөө талаар иргэдэд мэдээллийг хүртээмжтэй өгөх байдал ямар байгаа гэдэг нь чухал асуудал болоод байгааг Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хөндөж, энд мэдээллийг хүртээмжтэй өгөх апплейкэшний хэрэглээн дээр мэдээлэл, технологийн компаниудын хийх ажил үлдээд буйг онцолж байв. Нээлттэй өгөгдлийн үнэлгээг танилцуулах арга хэмжээнд төрийн байгууллагын бүтцийн бүх түвшинд өгөгдөл, мэдээллийн асуудал хариуцдаг байгууллага, гол өгөгдлийн бүрдэл агуулагч, хадгалагч нар, бусад өгөгдлийн бүрдэл эзэмшигч байгууллага, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, инноваци, инкубаторын төвөөс нийт 100 гаруй хүн оролцлоо.


Тодруулга: Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдлийг хэлдэг байна. Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд эхний ажил Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлэх судалгааг (НӨББҮ) Дэлхийн банкны аргачлалын дагуу хийжээ. Үнэлгээг

  • удирдлагын манлайлал,
  • эрх зүйн орчин,
  • төрийн хариуцлага чадамж,
  • төрийн өгөгдлийн менежмент,
  • нээлттэй өгөгдлийн эрэлт,
  • нээлттэй өгөгдлийн боломж,
  • нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийн санхүүжилт,
  • технологи гэсэн 8 хэмжээсээр хийжээ.

Үнэлгээний хувьд сайн буюу ногоон, дунд буюу шар, муу буюу улаанаар үнэлсэн байна. Дээрх байдлаар үнэлэхэд, Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ шар буюу дунд дүн авжээ. Тодруулбал, дурдсан 8 хэмжүүрийн долоо нь шар, нэг нь буюу нээлттэй өгөгдлийн эргэлт улаанаар үнэлэгджээ. Энэ нь нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг хангахын тулд дорвитой арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан дүн бүхий үзүүлэлт юм байна. Харин шар нь зарим талаар боломж бүрдсэн гэдгийг илэрхийлэх үнэлгээ аж. Судалгааны багийнхан зарим хэмжээсийн хувьд боломж бүрэн байгаа ч заримыг нь сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ