Түлэгдсэн жолоочийн ар гэрийнхэн "Омог цагаан шонхор" компаниас нөхөн төлбөр нэхэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-13 13:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гашуунсухайт боомтын чиглэлд  нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг  116 аж ахуйн нэгжийн нэг “Омог цагаан шонхор”  компанид жолоочоор ажилладаг Д.Дашдоржийн машины бүхээгт гал гарч машин нь бүхэлдээ шатаж, харин жолоочийн биеийн 95 хувь түлэгджээ.Ослын шалтгааныг нүүрс тээвэрлэдэг машинуудад хэрэглэж буй зориулалтын бус агааржуулалт, халаагуурын сэнстэй холбоотой байх магадлалтай хэмээн Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо, иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Улаанбаатар хотын харьяат иргэн Д-г нүүрс тээврийн машинаа жолоодож байх үед  кабинд нь гал гарсан. Автомашины кабин 100 хувь шатсан, галд өртсөн жолооч өнөөдөр ухаангүй байна. Нүүрсээ тээвэрлүүлдэг “Омог цагаан шонхор” компани мөнгө гаргах боломжгүй гээд туслалцаа үзүүлэхгүй байгаа бөгөөд тус компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тус компани жолоочийн эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Хохирсон жолоочийн нөхөн төлбөрийг яаралтай гаргахыг шаардаж байна. Арьс нөхөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай” гэлээ. Хохирогчийн эхнэр н.Туул “Манайх ам бүл тавуулаа. 1-8 насны гурван хүүхэдтэй. Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Хань маань одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК бидэнтэй харьцахгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. Гэтэл Монголд байгаа нөөц нь маш хангалтгүй тул гаднаас захиалж авчрах шаардлагатай байна. Бидэнд туслаач" гэлээ. 

Холбоотой мэдээ