Франц олон нийтийн сүлжээгээр дамжуулан татварт хяналт тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-13 12:18:43
twitter.com/Nyamkanmk

ПАРИС. /france24/. Францын Сангийн сайд Геральд Дарманин татвараас зайлсхийх явдалтай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээг ашиглах төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү арга хэмжээг Их Британид анхлан хэрэгжүүлж, амжилттай болсон ажээ.


Франц дахь санхүүгийн залиланг зогсоох зорилгын хүрээнд тус улсын татварын албаныхан ирэх оноос эхлэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан татварт хяналт тавихаар болжээ.


Туршилтын энэхүү төлөвлөгөөний зорилго нь хувь хүмүүсийн орлого болон тэдний амьдралын хэв маяг хоорондын зөрүүг “Facebook”, “Instagram”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээн дэх хувийн мэдээллээр нь дамжуулан тогтоох ажээ.


“Хэрвээ та олон нийтийн сүлжээндээ тансаг зэрэглэлийн машинтай зураг оруулсан бол татварын албаныхан түүнийг харах боломжтой. Тэгээд тэр машин таных мөн, биш эсвэл үеэл чинь, найз охин чинь танд зээлдүүлсэн зэргийг шалгаж тогтоох юм” гэж Дарманин телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.


Өнгөрөгч 10 дугаар сард баталсан хуулийн төсөлд багтсан энэхүү арга хэмжээ нь санхүүгийн залиланг зогсоох зорилгоор цахим мэдээллийг өргөн хүрээтэй ашиглах эрхийг холбогдох эрх баригчдад олгож байгаа юм.

Холбоотой мэдээ