Монголын үзэгчид Оросын кино урлагтай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-12 16:15:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос киног сурталчлах, Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах зорилготой “Оросын сэргэн мандалт” орос киноны 8 дахь удаагийн наадам энэ сарын 6-14-нд Монгол Улсад үргэлжилж байна.


Энэ жилийн кино наадамд зориулан 2017-2018 онд бүтээсэн 9 шинэ киног сонгосон бөгөөд наадамд Оросын нэртэй кино найруулагчид болон жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Тэдний дунд “Амурская осень” буюу “Амар мөрний намар” кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, ОХУ-ын гавьяат жүжигчин Наталья Варлей, найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин Максим Колосов, наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа нар багтжээ.

Энэхүү наадамд зориулан орчин үеийн Оросын кино урлагийн хөгжлийн бүх салбарыг төлөөлж чадахуйц төрөл бүрийн кинонуудаас сонгосон юм. Сонгосон кинонууд ОХУ болон олон улсын кино наадмын шагнал хүртсэн билээ. Жишээ нь, алдарт Александр Сокуровын шавь, залуу найруулагч Владимир Битоковын анхны кино болох  Глубокие реки” нь “Кинотавр-2018” наадмын шилдэг дебют киногоор шалгарч, Карловы Вары наадамд амжилттай оролцсон юм. Найруулагч Ксения Зуевагийн “Близкие” бүтээл нь “Амурская осень” кино болон театрын наадмын хоёр шагналыг болон Москвагийн олон улсын кино наадмын үеэр “The Hollywood Reporter” сэтгүүлийн тусгай шагналыг хүртсэн. Латвид болж өнгөрсөн “Open Place” олон улсын кино наадмын шагналтан “302 БИС” киног Андрей Мышкин найруулсан юм. Уг богино хэмжээний киноны үйл явдал нь Булгаковын театр-музейд болдог. Киноны гол дүрүүдэд Максим Колосов болон Лиза Арзамасова нар тогложээ. Бодит үйл явдлаар сэдэвлэн бүтээсэн хоёр ч эмгэнэлт киног сонгосон бөгөөд тэдний нэгийг Оросын хамгийн эртний киностуди болох Ленфильм”-д найруулагч Александр Касаткин бүтээжээ. “Три дня до весны хэмээх кинонд Аугаа их эх орны дайны үеэр Ленинград хотын бүслэлтийн тухай өгүүлнэ. Харин Сарик Андреасяны “Непрощенный хэмээх цоо шинэ кинонд Бодены нууран дээр болсон 71 эрдэнэт хүний амийг авч одсон аймшигт онгоцны ослын тухай гарна. Слава Росс өөрийн “Сын кинондоо хүүхдийг гэр бүлээс нь салгах болсон Европ дахь нийгмийн хүндхэн сэдвийг хөнджээ.

Эдуард Парригийн найруулсан “Жили-были  киног наадмын нээлтийн үеэр үзүүлсэн бөгөөд энэхүү бүтээл нь нэг бус удаа үзэгчдийн тусгай шагналыг хүртсэн юм. Энэхүү инээдмийн киноны үйл явдал нь гуравхан оршин суугчтай үлдсэн Оросын хөдөөний тосгонд өрнөх ба тэдний дүрийг Оросын нэрт жүжигчид болох Федор Добронравов, Роман Мадянов болон Ирина Розанова нар амилуулжээ.

Тус наадмыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ болон Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвийн дэмжлэгтэй зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ