Сургуулийнхаа үйлчлэгчдийг нэг өдөр амрааж, сурагчид их цэвэрлэгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-13 07:58:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн 11В ангиийн сурагчид “Үйлчлэгч эгч-Миний ээж” нэг өдрийн аяныг зохион байгуулж, үйчлэгч нараа амраажээ. Тус сургууль нь 12 үйлчлэгчтэй бөгөөд долоо хоногийн ням гараг бүр тэд их цэвэрлэгээ хийдэг аж.


Ням гарагт хүн бүр амарч байхад тус сургуулийн үйлчлэгч нар багш сурагчдынхаа сурч боловсрох таатай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Ингэхдээ бүр их цэвэрлэгээ хийдэг бөгөөд сургуулийн нийтийн танхим, спорт болон урлагийн заал, удирдлагууд, багш нарын өрөөг цэвэрлэдэг. Тиймээс 11В ангийн сурагчид үйлчлэгч нараа нэг өдөр ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ амрах боломж олгох үүднээс дээрх аяныг зохион байгуулж, ангийн 35 сурагч тус аянд идэвхтэй оролцон, сургуулийнхаа нэг өдрийн их цэвэрлэгээ хийжээ.


“Манай ангид Дарьганга, Уулбаян, Халзан сумдаас ирсэн хүүхдүүд байдаг. 35 сурагчийн 24 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй. Бүх хүүхэд энэхүү үйл ажиллагаанд оролцож, их цэвэрлэгээгээр үйлчлэгч нар юу хийдэг тэр бүгдийг хийсэн. Манай анги дотроо гурван салаатай, салаа бүр даргатай. Гурван салаа сургуулийнхаа гурван давхрыг нэг нэгээр нь хариуцаж аваад цэвэрлэгээгээ хийсэн. Үйлчлэгчийн ажил ямар хүнд гэдгийг сурагчид маань ч ойлгосон байх. Тэднийг хайрлаж, хөдөлмөрийг нь үнэхээр хүндэтгэх хэрэгтэй юм байна гэж өөр хоорондоо ярьж байгааг сонсоод сурагчдаараа бахархаж суулаа. Энэ бол бидний ажлын гол үр дүн гэж хэлмээр байна. Цэвэрлэгээний дараахь өдөр үйлчлэгчид амттантай орж ирж манай ангийнханд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн. Энэ жил манай анги соёлч анги болох зорилгыг дэвшүүлж, үүгээрээ бусдыгаа ч уриалахыг эрмэлзэж байгаа. Энэ бол үүний хүрээнд хийгдсэн нэг ажил гэж болно.” хэмээн анги удирдсан багш Д.Сүрэнжав хэллээ.


11В ангийнхан соёлч анги болохын тулд сурагч тус бүр аяганы уут, амны алчуураас эхлээд шаардлагатай ариун цэврийн хэрэгслийг тогтмол биедээ авч явж хэвшжээ. Мөн үйлчлэгч эгч нарынхаа ажлыг хүндэтгэж, хөнгөвчлөхийн тулд бүгд сургуульдаа байх хугацаандаа гутлын улавч өмсдөг болсон байна.


Холбоотой мэдээ