АСЕАН-ы орнууд хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-11-12 14:18:03
СИНГАПУР. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын эдийн засгийн багууллагуудын тэргүүн нар хил дамнасан цахим худалдааг дэмжих гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээнд гарын үсэг зурах ёслол АСЕАН-ы Эдийн засгийн холбооны зөвлөлийн 17 дахь удаагийн уулзалтын үеэр болсон байна.

“Шинэ баримт бичиг нь цахим худалдааны салбарт хил дамнасан арилжааг дэмжихээс гадна, энэ салбарт итгэх итгэлийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ” гэж Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чань Чунь Син гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, уг гэрээ нь цахим худалдааг бүс нутгийн “эдийн засгийг өсгөх гол хүчин зүйлүүдийн нэг” болгон хувиргах, мөн цахим баримт бичгийн урсгалд үндэслэн худалдааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Үүнээс гадна, мэдээллийг хил дамнан дамжуулах механизмыг хялбаршуулж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаална.

АСЕАН-ы орнуудын цахим арилжааны зах зээлийн хэмжээ 2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн сайд урьдчилан таамаглаж байна.

АСЕАН нь Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин гэсэн 10 орныг өөртөө нэгтгэдэг.
Холбоотой мэдээ