“Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоног эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-12 13:39:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ 2015 оноос жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна.


Энэхүү долоо хоногийг энэ сарын 12-18-нд “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж буй юм.

Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог. Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.

Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг. Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа бөгөөд өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай. Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм. Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө.

ДЭМБ-аас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна. Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нянгийн эсрэг эмийг эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох, томуу, томуу төст ханиад зэрэг вирусын гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй. Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийн тэсвэржилтийг бууруулна.

Тэмдэглэлт 7 хоногийн хүрээнд ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

“Антибиотик эмийн эмчилгээний талаарх зөвлөмж” эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, иргэд, малчдад зориулсан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах, “Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэе” сурталчилгааны материал түгээх, олон нийтийн цахим сүлжээгээр “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” сурталчилгааг түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ