Найман тохой өндөр Мигжэд жанрайсиг бурхан бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-13 10:47:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, сумын Засаг дарга агсан Л.Дашзэвэгийн гэгээн дурсгалд зориулж, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нь хамтран аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэргэд найман тохио өндөр Мигжэд жанрайсиг бурхныг дуганын хамтаар бүтээн заллаа.

“Мигжэд жанрайсиг бурхан нь нигүүлсэнгүй, эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг учир эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд сайн сайхан бүхнийг болоод эв нэгдлийг ерөөн энэхүү дуганаа бүтээн, аймгийнхаа хийдэд хүлээлгэн өгч байна. Үнэхээр баяртай байна. Хань минь үнэхээр буянтай хүн байжээ. Энэ олон түмний буяныг хурааж, сайн сайхан байлгахад тэнгэр бурхан минь ивээлдээ авна гэдэгт итгэж байна.” хэмээн Л.Дашзэвэг агсны гэргий Б.Амаа ярилаа.

“МБШ Гандантэгчинлэн хийдэд 80 тохой буюу 26,5 метрийн өндөртэй Мигжэд жанрайсиг бурхан байдаг. Бидний бүтээсэн бурхан найман тохой өндөр, харин бурхны төрхийг Гандантэгчинлэн хийдийн Мигжэд жанрайсиг бурхантай яг адилхан байдлаар бүтээсэн. Цаашид энэхүү бурхныхаа дуганд 1000 ширхэг Аюуш бурхан бүтээн залах санаачлагыг гаргаад байна. Аюуш бурхан нь тус бүрдээ 75 мянган төгрөгийн өртөгөөр бүтдэг. Тиймээс аав ээж, ах дүү нарынхаа гэгээн дурсгалд зориулж Аюуш бурхан залах хүсэлтэй хүн бүр бидэнтэй хамтарч болно.” гэдгийг Л.Дашзэвэг агсны хүү Д.Амарбат хэлсэн юм.

Л.Дашзэвэг нь төр нийгмийн төлөө тасралтгүй 35 жил үүнийхээ 33 жилд удирдах албанд зүтгэсэн нэгэн байсан бөгөөд залуу халуун нас, өөрийн хүч хөдөлмөрөө төрөлх сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө зарцуулсан нэгэн юм. Тиймдээ ч нутаг усныхан нь түүнийг үе удмаар нь одоо ч хайрлан хүндэлсээр байдаг билээ. Тэрээр 64 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсчээ.

 

Холбоотой мэдээ