Малын чанар сайжруулах чиглэлээр үржүүлэг технологийн ажил үйлчилгээний есөн нэгж ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-13 10:57:03

Архангай /МОНЦАМЭ/. “Малын генетик нөөцийн тухай” хуулийг сурталчлан таниулах, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээг малчдад жигд хүртээмжтэй хүргэхийн тулд сумдад “Үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж”-ийг байгуулан төр, төсөл хөтөлбөрийн хүрээнд дэмжиж ажиллах суурь бий болж аймгийн хэмжээнд есөн нэгж байгуулагдан ажиллаж байна.

Аймгийн мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, цөм сүрэг бүрдүүлэн үржлийн шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, мал хээлтүүлгийн дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх зорилгоор бог мал ангилагч, бод богийн зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалт зохион байгуулж 35 мэргэжилтэнг мэргэшүүлсэн байна.


2017 оны жилийн эсцийн мал тооллогоор нийт мал сүргийн 42,2 хувь буюу 2233.7 мянган толгой хээлтэгч, 0.8 хувь буюу 42.3 мянган толгой хээлтүүлэгч мал тоологдсон байна. Үүнээс хархад нэг хээлтүүлэгчид ингэ 25, гүү 10, үнээ 26, эм хонь 91, эм ямаа 78 ноогдож байгаа нь үхэр, бог малд хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдаж, нийтдээ 404 толгой бух, 11309 толгой хуц, 4433 толгой ухна дутагдаж байгааг харж болно.

ХААИС, аймгийн Цөм сүрэг үржлийн төв, сумдын “Үржүүлэг технологийн аж ахуйн нэгж”-үүдтэй хамтран аймгийн хэмжээнд бог малын хээлтүүлэгчийн тохироог хангах зорилгоор 135 толгой хуц, 43 толгой ухныг малчдад түрээсээр, мөн Эрдэнэбулган, Ихтамир, Өндөр-Улаан сумдын 1000 гаруй толгой шилмэл эм хонинд “Баяд”, “Тамир”, “Суфолик” үүлдрийн хуцны үрээр зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж дууслаа.


“Малын генетик нөөцийн тухай” хуулийн хүрээнд 8 сумын 9 аж ахуйн нэгжид 2874 хуц, 1927 ухна нийт 4801 толгой хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэн 196 толгой хурган хуц, 45 толгой ухна ишгийг шинээр бойжуулсан. Хээлтүүлэгт орох 1598,7 мянган толгой бог малын хээлтэгчийн 70 гаруй хувь нь хээлтүүлэгт орсон  байна.

Холбоотой мэдээ