Сум хөгжүүлэх сангаас 281 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-11 16:32:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу Замын-Үүд сумын ЗДТГ-аас 2018 онд олгох  Сум хөгжүүлэх сангийн төслийг иргэд, аж ахуй нэгжээс хүлээн авч шаардлага хангасан төслийг сонгон шалгаруулжээ.

Энэ удаа нийт 21 иргэний 281 сая төгрөгийн төсөл хүлээн авснаас 10 иргэнд нийт 109.5 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл  үсчин гоо сайхны салон өргөжүүлэх, хүнсний ногоо даршлах, авто машины суудлын бүрээс, оёдлын цех, усгий урлал, бариа засал, эмгүйгээр эмчлэх арга, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж шинэчлэл,  алжаал тайлах төв, бэлэг дурсгал орон нутгийн бренд үйлдвэрлэл, маникур бариа засал, оёдол эсгүүрийн үйлдвэрлэлийг нэн хэрэгцээтэй гэж сонгон шалгаруулжээ.

Хөдөлгөөнт оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн амтай Замын-Үүд суманд түргэн хоол, аялал жуулчлал, авто тээвэр гээд үйлчилгээний салбар түлхүү хөгжиж байгаа аж. 

Холбоотой мэдээ