Шинэ нисэх буудлын концессын гэрээг эцэслэн шийдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-10 13:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай,  нисэх буудал хүрэх хурдны зам ашиглалтанд ороход бэлэн, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгий ажил үлдээд байгааг гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл хэлж байна.

Шинэ нисэх буудлыг бүтээн байгуулалт талаасаа ашиглалтанд оруулахад ийнхүү бэлэн байгаа хэдий ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болсон, мөн Япон улстай хамтран ажиллах хэлэлцээр дээр концессын гэрээний хугацааг тохиролцон эцэслэх гэсэн шалтгаануудаар буудлыг хүлээн авах ажил хойшлогдоод байгааг албаныхан хэлж байна.


Нисэх буудлуудын удирдах газрын дэд дарга С.Мөнхнасангийн хэлж буйгаар хоёр талын хэлэлцээр концессын саналыг эцэслэн тохирох дээрээ байгаа учир дуусаагүй, одоогийн байдлаар санхүүгийн болон техникийн саналыг хүлээн авсан байдлаар явж байна гэв.


Шинэ нисэх буудлын хамтын ажиллагааны болон концессын гэрээнд одоогийн байдлаар нисэх буудлыг Японы тал 51, Монголын тал 49 хувийг эзэмшинэ гэж заагаад байгаа аж. Мөн нисэх буудлын ашиглалтын тал дээр Японы тал 30 жил гэсэн хугацаа заагаад байгаа бол манай талаас 15 жил гэсэн саналаа илэрхийлээд байгааг хэлж байна.

Мөн бүтээн байгуулалтын тал дээр Үндсэн гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн боловч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болсон зэрэг шалтгаанаар шнэ нисэх буудлыг ашиглалтанд оруулж хүлээн авах ажил ирэх оны тавдугаар сар хүртэл хүлээгдэх төлөвтэй байгааг албаныхан сэтгүүлчдэд мэдээллээ.  



Тодруулга: Манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлтэй зээл авч Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг барьж байгуулаад байгаа юм. Төслийн нийт өртөг 560 сая ам.долларын 4 багц ажлыг хийж гүйцэтгээд байна.

Б.Болд

Холбоотой мэдээ