Тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр сарын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-10 20:00:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт тусгай хэрэгцээт хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл зүй, дэд бүтэц, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг сарын аян өрнөж байна. Үүнийг аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтэс, ХХҮХ хамтран зохион байгуулж төрийн болон төрийн бус бүх байгууллагууд тодорхой ажил хийхийг уриалжээ.

Энэ ажлын хүрээнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асардаг “Найдвар” төв, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо” ТББ, “Итгэлийн мод” ТББ-ын дэргэдэх “Сорхугтани” төв Улаанбаатар хотоос  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлгөөн засалч болон эмч нарыг урьж төв дээрээ ажилуулж байна. Мөн зарим хүүхдүүдийг Улаанбаатар хотод эмчлүүлж, асруулах боломжийг судалж байгаа ажээ.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3500 хүн байдгийн 350 нь хүүхэд юм. Эдгээр хүүхдийн эрүүл мэнд, асаргаа, боловсролд орон нутгаас дэмжин ажилладаг ч хувийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажлын байрныхаа гаднах болон доторх зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход саадгүй болоход анхаарах хэрэгтэй гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд хэлж байна.

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиодог. Үүнийг угтаж дээрх аяныг өрнүүлж байгаа юм.


 

 

Холбоотой мэдээ