Нэг сумын нэг голоос төрсөн гурван аваргад зориулж хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-19 15:06:28

Хөвсгөл аймагт түүх дурсгалын болон алдартнуудын хөшөө олон бий. Тэдгээр хөшөө дурсгалуудаас та бүхэнд танилцуулж байна


Нисэх оролдлого хийсэн анхны Монгол Шүхэрч Гэлэнхүүгийн хөшөө


Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийнд нэгэн хүү мэндэлжээ. Хар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй тэр хүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар “үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр” жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөлд хөтлөгджээ.1913 онд нисэх оролдлого хийсэн Х.Гэлэнхүүгийн хөшөө өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх онгоцны буудалд бий. Тэрбээр хийдэд шавилан суусан боловч, аливааг танин мэдэх, зохион бүтээх хүсэлдээ хөтлөгдөн ном, судраас хөндийрсөн гэдэг. Удалгүй дархны урлал хийн амь зуух болсон нь зохион бүтээх хүслийг нь нэмж, үсэрдэг буу хийж туршсан байна. Түүгээр барахгүй нисэх хүсэлд автаж, шувуу ажигласаар, эцэст нь бүргэдийн өд, үхрийн шир зөөллөн элдэж далавч хийн, 20 метр өндөр Дүнтэрийн цохионоос үсэрсэн аж. Нисэх оролдлого нь амжилтгүй болбол зөөлөвч хийх зорилгоор хясааны бэлд 600 орчим хонь бэлчээж, буусан бөгөөд хожим “Нисэж болмоор юм. Толгой хүнддэх бололтой” гэж дурссан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг. Тэрбээр “Зөвхөн тэнгэрийн амьтан нисэх ёстой” гэсэн шашны номлолыг зөрчсөн тул нүглээ наманчлахаар өөртөө суварга босгосон байдаг нь эдүгээ Жаргалант сумын төвөөс холгүй байдаг ажээ.

 Алунгоо хатны хөшөө


Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт 1992 онд Алунгоо хатанд зориулж 3 метр өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг ажээ."Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг.

 Мэргэн гүн Гомбожавын хөшөө 


ХХ зууны Монголын сэхээтнүүдийн нэг, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчин болох Мэргэн гүн Гомбожавын хөшөө түүний төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Рашаант суманд бий. Гомбожав нь 1906 онд Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны Агьт хэмээх газар мэндэлж, 36 наслахдаа засаг ноёноос оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, аспирант, судлаач эрдэмтэн хүртэл ажиллаж, эцэст нь Их хэлмэгдүүлэлтэд өртөн, 1940 онд тухайн үеийн ЗСБНХУ-ын Зүүн хойт лагерьт нас баржээ. Тэрбээр тухайн үедээ гадаадын сургуульд хамгийн олон удаа суралцсан нэгэн байсан бөгөөд судалгааны өгүүлэл, шүүмж бичиж, орчуулга хийж, Монголын түүхийн сурвалжийн судалгаа хийж байжээ. Түүгээр зогсохгүй дэлхийн монголч эрдэмтэдтэй багш шавийн харилцаа тогтоож, өрнө дахинд монгол судлалын эхийг тавилцаж, судалгааны ажил хийж байсан Монголын анхны эрдэмтэн судлаач юм. Тухайн үеийн Монголдоо боловсролтойд тооцогдож байсан хүмүүсийн дотор хамгийн олон буюу манж, хятад, төвд бичигтэй, орос, герман, англи, франц хэл судалсан эрдэмтэн байжээ.


Гурван аваргын хөшөө


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган гол хүчтэнүүдийн өлгий нутаг юм. Тус нутгаас төрсөн гурван аваргын хөшөө Мөрөн суманд бий. Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нар нэг голоос төрсөн алдартай бөхчүүд юм. Гурван аваргын хөшөөг  хоймор нутгаас олон хүчтэн төрөхийг бэлгэдэн Мөрөн сумын бөхийн өргөөний өмнө сүндэрлүүлжээ.


                             Ж.Бадраа агсны хөшөө

Монгол түмний бахархан дуулах дуртай “Халуун элгэн нутаг” дууны үгийг зохиосон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны хөшөөг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн түүхт 90 жилийн ойн үеэр буюу 2013 онд тус сургуулийн өмнө байгуулжээ. Ж.Бадраа нь сайн яруу найрагч төдийгүй, нэртэй соён гийгүүлэгч, дуун хөрвүүлэгч, ардын дуу хөгжим судлаач эрдэмтэн байсан юм. Нэрт найрагчийн авьяас билгийг хүүхэд багачуудад таниулан судлуулах зорилгоор Дэлгэрмөрөн сургуулийг түүний нэрэмжит болгосон бөгөөд түүхт ойн үеэр үе үеийн төгсөгчдийн санаачилгаар хөшөөг нь бүтээсэн ажээ.


Лхүнрэвийн Даваадорж баатрын хөшөө


Лхүнрэвийн Даваадорж 1948 онд 22 насандаа Монгол улс, Хятад улс хоёрын хилийн маргаантай байсан 1940-оод онд Баруун хилийн хамгаалалтад удаа дараа оролцож, тухай бүрт нь үүргээ чадварлаг биелүүлж байжээ. Тэрээр Байтаг Богдын хилийн мөргөлдөөнд хасагийн дээрэмчидтэй тулалдаж яваад есүүлээ хилийн манаанд гарч байхдаа дайсны 150 шахам хүнтэй бүлэглэлийн эсрэг тулалдаж олон удаа шархдсан боловч алхам ч ухралгүй эрэлхэгээр байлдан амь үрэгдсэн бөгөөд түүнийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан байна. Түүний хөшөө Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн 0257-р ангийн хашаанд байгаа бөгөөд тус ангийг түүний нэрэмжит болгожээ.

     

     Хүчтэн төрөхийг бэлгэдсэн бөх хүүгийн хөшөө  


"Монгол бөхийн босоо цагаан хийморь өрх бүрийг ивээж өнөд мөнх дэлгэрэх болтугай" гэсэн бичвэр бүхий дөлгөөн амгалан төрхтэй, бат суурьтай зогсон дэвэх шударга, холч ухаан төгөлдөрийг бэлгэдсэн монгол бөх хүүхдийн хөшөө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд бий. Тус хөшөөг Алаг-Эрдэнэ сумын  90 жилийн ойг тохиолдуулан тус сумын сургуулийг 1995 онд төгссөн Б.Пүрэв, Р.Цэцэгмаа, Х.Алтанбагана багштай XX дахь төгсөлтийн хамт олон 2016 онд бүтээжээ.

 

Жалханз хутагт С.Дамдинбазарын хөшөө


Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Жалханз хутагт С.Дамдинбазарын хүрэл хөшөөг Мөрөн сумын төв цэцэрлэгт хүрээлэнд босгожээ. Тэрээр ХV жарны хөх модон нохой жил буюу 1874 оны зуны эхэн сарын 29-нд одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Алтанбулаг гэдэг газар ард Цэдэнсодномын хүү болон төрсөн бөгөөд 1877 оны зуны эхэн сард манжийн хаан дээрхийн гэгээнтнээс Жалханз хутагтын VIII дүр мөн хэмээн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залж байжээ. Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад тэр үеийн лам ноёдоос хамгийн идэвхтэй дэмжигч байж аливаа нэг асуудалд цаг үе, орчин, орон зайг нь мэдэрч хамтран зүтгэгч нараа туйлаас хүндэтгэж, яриа хэлцлийг эрхэм болгодог улс төрч, нийгмийн зүтгэлтэн байсан тул 1922 онд Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдож байжээ.

 

Уушигийн өврийн Буган хөшөө


Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.

Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөө 


Хөвсгөл аймгийн төвөөс 35 км-ын зайд орших Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчим нь нилээн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.84 см өндөр бөгөөд монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрслэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм.


Чингүнжавын тэмцлийн зам нэртэй хөшөө


Хөвсгөл аймгийн Ханх сумаас улсын хил хүртэлх зам дагуу "Б.Чингүнжавын тэмцлийн зам" нэртэй хөшөөг 2015 онд байгуулжээ. Байгалийн чулуун дээр Б.Чингүнжавын тэмцлийн замыг зурж сийлсэн бөгөөд түүний баригдсан Ван толгойн чанх урд байрладаг аж. Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав юм. Тэрээр манжийн цэргээс зугатаж Оросын хил гарах гэж явахдаа Жанхас толгой гэдэг газар баригдсан бөгөөд тэр толгойг “Ван толгой” гэж нэрийдэх болжээ.  Манж нар Чингүнжавын 80 гарсан эх, 22 настай бүсгүй дүү, охин Цэрэндэжид нарыг Чингүнжавын хамт барьж Бээжинд аваачин 1757 онд цаазалсан байдаг.

 

Чингүнжавын Эрхий хурууны хөшөө


Манжийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж яваад халуун амиа алдсан Хотогойдын шадар ван Чингүнжавын дурсгалд зориулж эл хөшөөг нутгийн хэсэг бизнесмен залуучууд хөрөнгө мөнгө гарган 2000 онд бүтээсэн байн. Хөшөөг Арбулаг сумын нутгийн Буурлын өвөр хэмээх газар босгожээ. Гарын таван хурууны эрхий хурууг боржин чулуугаар товойлгон бүтээж, том дөрвөлжин бетонон суурин дээр суурилуулсан байна. Суурийн нүүрэн дээр, “Эх орон тусгаар тогтнолын төлөө Чингүнжав” гэсэн үгийг сийлж бичсэн байна. Хотогойдын Шадар ван Чингүнжавыг 1757 онд баривчлан Бээжинд аваачиж цаазаар авахад Чингүнжавын шадар цэргүүдийн нэг нь нууцаар дагаж Бээжинд ирж, харамсалтайгаар алагдсаны дараа эрхий хурууг нь авч төрсөн нутагт нь авчирч оршуулсан бөгөөд  дээр нь овоо босгосон гэдэг хууч яриа нутгийн ард олны дунд ам дамжин яригддаг ажээ.

Чингүнжавын хөшөө


Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, баатарлаг эх оронч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2010 оны 7 сарын 27-нд сүндэрлэн босчээ. Хөшөөг уран барималч А.Очирболдын эх загвараар хүрлээр цутгасан бөгөөд Шадар ван Чингүнжав хуяг дуулгаа өмсч, сум саадаг, сэлмээ агсан, дүүлэн харайж байгаа морио унаж, нэг гартаа Манжийн хаанд өгөх тулган шаардах бичгээ барьсан байгаагаар бүтээжээ. Хөшөөний сууринд “Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” гэсэн алдартай үгийг нь сийлсэн байна.  Чингүнжавыг 1757 оны 3 дугаар сард Бээжинд хоёр хүүгийн хамт цаазлахаас өмнө нүдэн дээр нь гэр бүлийн бусад гишүүдийг хороосон байна. 5 настай Бари хүүг нь амьд үлдээсэн боловч 2 жилийн дараа учир битүүлгээр нас баржээ. Чингүнжавыг 81 улайсгасан зоос шахаж, нүхээр цуван гарч ирсэн махыг нь огтолж тамлан алсан гэдэг. Цогцсыг нь манжийн хааны ордны баруун хаалга орчимд хаяж хүмүүсээр гишгүүлэн доромжилжээ. Цогтой эх орончийн мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв талбайд түүний хөшөөг босгожээ.

 

                                                                  Г.Цэнд баатрын хөшөө


Хөвсгөл аймгийн Рашаант суманд Монгол Улсын баатар Гомбын Цэнд баатрын хөшөөг 2003 онд барималч Ц.Цэдэн-Ишийн эх загвараар босгожээ. Хөшөө 4,2 метр өндөр бөгөөд түүнийг зогсож байгаагаар дээлтэй, суран бүс бүсэлсэн, тэр үеийн бүсгүйчүүдийн адил тайрмал үстэйгээр бүтээжээ. Рашаант суманд 1932 оны хавар Самбуу дүвчин тэргүүтэй хэсэг хүмүүс бослого хөдөлгөөн гарган албан байгууллага, сургууль, эмнэлэг, хоршоог галдан шатааж хүмүүсийг алж байхад Г.Цэнд тэдний эсрэгээр эрэлхэгээр тэмцэн хүмүүсийг тэдний халдлагаас хамгаалан хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг ууланд нуугдуулж байгаад баригдсан байна. Түүнийг Рашаантын хүрээний лам Дорж тэргүүтэй хүмүүс  байцааж, тамлан шатааж амь насыг нь бүрэлгэсэн бөгөөд түүнд 1974 онд БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

 

Базарын Ширэндэвийн хөшөө


Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч бөгөөд анхны академич, доктор, професор, эрдэмтэн, зохиолч Базарын Ширэндэвийн хөшөөг Мөрөн суманд  түүний мэндэлсэний 100 жилийн ойгоор 2012 онд босгожээ. Базарын Ширэндэв 1952-1955 онд Эрхүүгийн их сургуулийн аспирантурт суралцан “БНМАУ байгуулагдсан нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний, 1957-1960 онд ЗХУ-ын ШУА-ийн дорно дахины хүрээлэнгийн доктурантурт хичээллэж “XIX-XX зууны зааг дахь монгол орон” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1957 онд профессор, 1961 онд академич болсон. Б.Ширэндэв Унгар, ЗХУ, Болгар, Ардчилсан Герман, Чехословак , Польш зэрэг орнуудын шинжлэх ухааны академийн гадаад гишүүн , Английн Лидс хотын их сургуулийн хүндэт доктороор сонгогдсон. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг 1991 онд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1995 онд хүртжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ