Алслагдсан тосгонд нотариатын үйлчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-10 19:36:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны иргэд нотариатын үйлчилгээг орон нутагтаа авах боломжтой болжээ.

Тус тосгоны захирагчийн албанаас Монгол Улсын Хууль зүйн яаманд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсээр дамжуулан орон нутагтаа энэхүү үйлчилгээг авах хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан байна. Эл хүсэлтийг холбогдох газрууд нь авч хэлэлцэн Бугант тосгонд нотариатын үйлчилгээ үзүүлэх эрхийг олгожээ.

Бугант тосгон нь 1991 онд Засаг захирагаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөө сумын 3-р баг буюу хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Бугант тосгон болсон байдаг. Тус тосгон нь өнөөдрийн байдлаар 3000 гаруй хүн амтай, 857 өрхтэй аж. Улаанбаатар хотоос 420 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 168 км, сумын төвөөс 70 км алслагдан оршдог юм. Ийм шалтгаанаар тосгоны удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, зардал чирэгдэл болсон нэг ажлыг ойртуулах үүднээс энэ алхмыг шийдвэрлэсэн байна. Бугант тосгонд нотариатын үйлчилгээ бий болсноор иргэдэд чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх нэг хэсгийг бүрдүүлж өгч байгаа аж. Энэхүү үйлчилгээгээр иргэд гэрээ, хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, баримт бичгийн хуулбарыг гэрчлэх, баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх зэрэг үйлчилгээг авах юм байна.  

Холбоотой мэдээ