Ахмад багш нар залуу үеийнхэнд арга туршлагаа өвлүүлэх санаачилга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-06 21:56:24

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын III зөвлөлгөөн”-ийг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

 Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөлгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.

Мөн “Ахмад багш нарын III зөвлөлгөөн”-д БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав.

Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөлгөөнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм. “Эрдмийн оргил“ ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой ”Аливаа төрийн ажил ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд уламжлах ёстой, тэтгэвэрт  гарсан гээд ахмад багш нараа орхих боломжгүй. Тийм учраас тухайн сургуульд ажиллаж байсан ахмад багш нартайгаа уялдаатай ажиллах, залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэхэд дэмжлэг авахад бид сэтгэлээрээ оролцдог. Бид гавьяаны амралттай гээд суудаггүй сурагчдын сурах бичгийг зохиох, олимпиадад хүүхдүүд бэлтгэхэд ахмад  багш нартай хамтран ажиллаж, залуу багш нарын номыг редакторлах, боловсролын заах аргазүйг сайжруулахад  өөрийн туршлагаа хуваалцан туслах, хүүхэд эх хэл, монгол ёс заншлаа хадгалж, хамгаалж өвлүүлэн үлдээхэд санаачлагатай оролцож, сургалт явуулдаг” гэв.

Ахмад багш Л.Отгон ”Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад багш нарт тулгамдаж буй нэг асуудал бол 2004 оноос тэтгэвэрт гарсан багш нарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц доогуур байдаг. Үүнийг нэмэх талаар манай яамнаас бодлого гаргаж, төрд уламжилж өгөх хэрэгтэй байна" гэж хүслээ.

Түүнчлэн  жил бүр тухайн сургуульд ажиллаж байсан ахмад багш нарыг жилд хоёр удаа  цагаан сар, ахмадын өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байдагт баярлаж явдаг. Гэхдээ ахмад багш нарынхаа тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, зуны улиралд амралт сувилалд явж, амарч, сувилуулах, эмчлүүлэх талд өнөөгийн сургуулийн удирдлагууд анхаарч өгөхийг тус зөвлөлгөөнд оролцсон ахмад багш нар хүслээ.

Холбоотой мэдээ