Өлзийт сумын ЗДТГ-ын барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-06 17:26:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвтэй хамгийн ойрхон сум болох Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын шинэ барилгын нээлт өнгөрөгч амралтын өдөр боллоо.ж, шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Төрийн албан хаагчдын ажиллах боломж нөхцлийг сайжруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг стандартын түвшинд нийцүүлэх зорилт аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд туссан байдаг. Энэ ч үүднээс 2017, 2018 онуудад Баянхонгор аймгийн бүх багийн дарга нар, багийн эмч нарыг унаажуулж, багийн дарга нарыг иж бүрэн компьютероор хангаж, зарим сумын ЗДТГ-ын барилгыг шинэчилж байгаа аж.

Шинэ барилгын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, нутгийн ард иргэд оролцлоо. Мөн тус сумыг үе үед удирдаж явсан таван Засаг дарга оролцож, шинэ байрныхаа нээлтийн түүхийг бичилцсэн юм.

Өлзийт сумын ЗДТГ-ын хуучин барилга нь 1960-аад онд ашиглалтад орж байсан. Барилгын дээвэр, хана, шал муудсаар нэлээд хугацааг үджээ. Хэдий засварын ажил хийгддэг ч алсаасаа муудсан барилга төдийлөн арчилгаа авахдаа тааруу байсан гэдгийг тус сумын Засаг дарга Д.Цэдэнсодном ярьж байсан.

Шинэ барилга нь 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1300 м кв талбайтай, нийт 30 өрөөтэй, хоёр давхар шилэн пасад бүхий барилга юм. Барилгын ажлыг орон нутгийн "Гал хонгор" ХХК, “Би Ай Эм Би” зургаан сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэж, товлосон хугацаанаасаа 45 хоногийн өмнө ашиглалтад оруулж байгаа аж. Барилгын зураг төсөл, шийдлийн дагуу хайс, сүүдрэвчийг шинээр хийсэн ба Өлзийт сумын төрийн албан хаагчид эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн стандарт түвшинд ийнхүү ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо.

Холбоотой мэдээ