Манай улсад сэтгүүлчдийн эрхийг хөндсөн 187 зөрчил бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-02 10:08:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийн холбогдогчид ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.

Тодруулбал, Мали улсад амиа алдсан 2 сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 онд баталсан тогтоолоор жил бүрийн 11-р сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийн холбогдогчид ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Энэ өдөр зөвхөн амь үрэгдсэн сэтгүүлчдийн талаар хөндөөд зогсохгүй, дайн мөргөлдөөнт бүсэд амь үрэгдэж буй сэтгүүлчдээс гадна, тайван цагт ажил үүргээ гүйцэтгэж яваад баривчлагдан хоригдох, эрүүдэн шүүж тамлан зовоох зэргээр сэтгүүлчдийг янз бүрийн байдлаар сүрдүүлэх тэр ч байтугай хүчирхийлэлд өртөж буй талаар ч хөндөх учиртай юм гэдгийг Олон улсын энэ өдрийг тохиолдуулан өчигдөр "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдвээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал тодотгож байв.


Дээрх бүхэн нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын эсрэг гарч буй зөрчлүүд гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний талаар мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ороод байна. Энэ нь Монголд сэтгүүлчидтэй холбоотой тодорхой асуудал байна гэсэн үг гэдгийг тэрээр хэлж байна. 2017-2018 оны 5-р сар хүртэл манай улсад сэтгүүлчидтэй холбоотой, тэдний эрхийг хөндсөн 187 зөрчил бүртгэгдсэн байна. Үүний 61 хувь нь шүүх, цагдаа, хүчний байгууллагуудаас сэтгүүлчдийн эсрэг ямар нэгэн байдлаар сүрдүүлэг дарамт  ирж байсныг дурдсан. Энэ дотор Зөрчлийн тухай хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашиглаж буй байдал түлхүү оржээ.


Манайд хүний нэр төрийг гутаах, гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн тухай хууль руу оруулсан ч Зөрчлийн тухай хуулийн амьдрал дээр хэрэгжиж буй байдлаас харахад энэ хууль үнэхээр хатуу хууль байна гэдгийг өчигдөр болсон хэлэлцүүлэг дээр хөндөж байв.


Б.Болд

 

Холбоотой мэдээ