Төв аймагт ургац хураалт 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-10-30 11:15:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 80 хувьтай байна. Үр тарианы ургац хураалт 80 хувь, төмс, хүнсний ногоо 98 хувь, бусад тосны ургамал, тэжээлийн таримлын ургац хураалт тооцоот хугацааны дагуу явагдаж байна. Энэ жил улаанбуудай 90 мянган тонн, хүнсний ногоо 10 мянган тонн, төмс 76 мянган тонныг тус тус хурааж авна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.


Сүүлд хоёр удаа цасны орсны улмаас Сүмбэр, Жаргалант, Цээл зэрэг сумдад тариа налж, хураахад цаг их авч байна. Нэг талдаа сул явж, заавал налсан талаас нь орно. Үүнээс болж цаг, шатахуун их зарцуулж байна. Цээл сумын хувьд тариа налснаас бол хураах боломжгүй болсон. Үлдэж байгаа хоногуудад цаг агаар хэвийн техник, хэрэгслийн асуудалгүй бол ирэх долоо хоногийн сүүлээр талбайгаас ургац хураах боломжтой газруудаа бүрэн хураагаад авч дуусна гэж Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ.


Дашрамд дурдахад, Төв аймаг өнгөрсөн жил 79 мянга 758 га талбайд тариалалт хийсэн ч  зуншлага тааруугаас 39 мянга 447 га талбай ганд нэрвэгдэж ургац алдсан юм.



Т.Есүхэйтөмөр


Холбоотой мэдээ