Баянхонгор сумын багийн дарга нар унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-29 22:24:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын багийн дарга нар төрийн үйлчилгээний унаатай боллоо. Сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл аймгийн төвийн багуудын ажлын аппаратуудын ажлын бүтээмж, чанар, хурдыг илүү сайжруулах үүднээс төрийн үйлчилгээний автомашинтай болгох саналаа аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан 2018 оны үндсэн чиглэлд тусгуулжээ. Ингэснээр орон нутгийн төсвийн 69 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар есөн багийг төрийн үйлчилгээний автомашинтай болгож өнөөдөр түлхүүрийг албан ёсоор гардуулж өглөө.

Мөн 150-200 метрийн радиуст тусах чадал бүхий чанга яригчийг энэ үеэр багийн дарга нарт сумын Тамгын газраас олгосон юм.

Төрийн үйлчилгээний автомашиныг хувийн ажил ахуйдаа ашиглахгүй байх тал дээр нэгдсэн хяналтыг сумын Тамгын газраас багийн дарга нарт тавих ба цаашдаа машинд GPS /байршил тогтоогч/ төхөөрөмж суулгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Баянхонгор сум 32 мянга орчим хүн амтай. Тэдэнд төрийн ажил үйлчилгээг хамгийн ойр хүргэх үндсэн үүрэг хүлээсэн багийн дарга болон түүний ажлын аппарат нь унаа тэрэггүйн улмаас олон хүндрэлтэй асуудал тулгарсаар ирсэн байдаг. Айл өрхүүдээр явж байхдаа нохойд хөөгдөх төдийгү уруулж байсан тохиолдол ч гарч байжээ. Харин зарим нь хувийн унаа тэргээ ашиглан төрийн ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрсэн байна. Ийм нөхцөл байдлаас үүдэн сумын Засаг дарга саналаа энэ оны төсөвт тусгуулан ажил хэрэг болгожээ.

                                  

Холбоотой мэдээ