Говь-Алтай аймгийн бэлчээрийн газрын 63,3 хувь нь өөрчлөгдөж доройтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-26 13:28:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн бэлчээрийн газрын 2018 оны төлөв байдлыг бэлчээрийн мониторингийн судалгааг 311 цэгийн мэдээлэлд суурилж тодорхойлоход нийт бэлчээрийн 36.7 хувьд нь бэлчээрийн ургамлын зүйлийн бүтэц бүрэлдэхүүн нь байж болох түвшиндээ буюу соргог, 63.3 хувь нь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон байна. 

Төлөв байдлын хувьд өөрчлөгдсөн 63.3 хувь бэлчээрийн 41.3 хувь нь 3-5 ургалтын хугацаанд сэргэх, 14.74 хувь нь 5-10 жилийн хугацаанд сэргэх боломжтой буюу экосистемийн хувьд өөрчлөгдсөн хэмээн тодорхойлогджээ. Түүнчлэн 7.2 хувь нь 10-аас дээш жилийн хугацаанд сэргэх боломжтой буюу унаган зүйл ургамлууд устаж түрэгч ургамлууд нэмэгдсэн төлөвтэй гарсан байна. 

Тус аймгийн бэлчээрийн газрын 2018 оны төлөв байдлыг тодорхойлсон судалгааны үр дүнд тулгуурлан бэлчээрийн даацыг тооцоход аймгийн нийт бэлчээрт 3558675 хонин толгой мал бэлчээрлэх боломжтой байгаа бөгөөд даац нь 2045742 хонин толгойгоор хэтэрсэн хэмээн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олон нийтэд мэдээллээ. Одоогоор Говь-Алтай аймгийн 8334424 га бэлчээрт 5604417 хонин толгой мал бэлчээрлэж байгаа юм.

Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ