Цахим аян Завханд нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-25 10:25:32

Завхан/МОНЦАМЭ/.Завханд “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяны нээлтийг өвөрмөц байдлаар хийж нээлтэд 300 гаруй хүн оролцжээ. Учир нь тус аяны нээлтийг ууланд явганаар аялагчдын клубтэй хамтран явган аяллын үеэр зохион байгуулсан аж.

Энэхүү аялал, аяны нээлтэд Улиастай сумын явган аяллын клубын гишүүд болон, "Хаан", "Хас", "Төрийн банк", "Капитал банк", "Хөгжим бүжгийн коллеж", "Политехникийн коллеж", МУИС-ийн Завхан сургуулийн оюутан, багш нар болон иргэд оролцлоо.

Аяллын үеэр цахим төлбөр тооцооны аяны зорилго, үр дүнгийн талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм. Энэхүү аяныг Монгол банкны ерөнхийлөгчийн санаачилгаар 2018 оны 10 дугаар сарын 10-наас 12 сарын 10-ныг хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах, төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.  Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ хэмээн Монгол банкны Завхан салбарын захирал Я.Наранцэцэг мэдээлэв. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ