Коммунист намын өндөр албан тушаалтан Вьетнамын ерөнхийлөгчөөр сонгогджээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-10-23 18:27:29

ХАНОЙ. /Xinhua/. Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейн мягмар гарагт болсон зургадугаар хуралдааны үеэр Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай “VNA агентлаг мэдээлэв.


Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол мягмар гарагийн үдэд болсон бөгөөд энэхүү үйл ажиллагааг Вьетнамын үндэсний телевиз болон үндэсний радио шууд дамжуулсан байна.


“Би баяртай байгаагийн зэрэгцээ сэтгэл түгшиж байна. Үндэсний ассамблей надад итгэл хүлээлгэсэнд талархаж байгаа хэдий ч эх орныхоо өмнө өндөр хариуцлага хүлээж байгаа тул сэтгэл түгшиж байна” гэж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Н.Чонг тангараг өргөх үеэрээ мэдэгджээ.




Тэрбээр 1944 онд төрсөн бөгөөд улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан ажээ. 1997 оноос хойш Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн байсан тэрбээр 2006-2011 онд Үндэсний ассамблейн даргын албыг хашиж байжээ.


Үүний дараа 2011 онд Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон бөгөөд 2016 онд энэ албанд дахин сонгогдсон байна.


Өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Вьетнамын Ерөнхийлөгч асан Чан Дай Куанг өвчний улмаас нас барсны дараа дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь түүний албыг түр хашиж байсан юм.

Холбоотой мэдээ