Зөвшөөрөлгүй гоо заслын газрууд иргэдийг хохироож байгааг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-23 20:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндээрээ хохирсон гэх иргэн Н, А нарын гомдлын дагуу НМХГ-аас "Aurora Beauty Clinic" нэртэй гоо заслын газарт шалгалт хийжээ. 

Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон болохыг тогтоов.

Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс, "РRP" /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсныг хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэргээр нотлов. Тэдгээрийг баримтжуулан тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэв.

“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  нь илрэв. 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 71 дүгээр байранд байрлах тус гоо заслын газар нь “Diva Beauty Lounge” нэртэй Facebook цахим хаягаар захиалга авч үйлчилдэг байна.

Иймд "Facebook" зараар баталгаагүй гоо сайхны ихсийн тариа, ботокс, "РRP" зэрэг үйлчилгээг авахаас татгалзах, мэргэжлийн бус хүнээр хийлгэхгүй байхыг НМХГ-аас анхааруулав.

Холбоотой мэдээ