Япон улс 2030 онд ажиллах хүчний хомсдолд орно

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2018-10-23 18:01:31

ТОКИО. /NHK/. 2030 онд Япон улсын эдийн засгийн өсөлтийг хангаж, тогтвортой хэвээр байлгахад 70 сая орчим ажилтан хэрэгтэй боловч тухай үед хөдөлмөрийн чадвартай иргэний тоо 64 сая байх төлөвтэй байгаа тухай нэгэн судалгааны төвийн хийсэн судалгаанд мэдээлжээ.


Судалгааны “Персол” төвийн мэргэжилтнүүд болон "Чуо" их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, Япон улс 12 жилийн дараа 6.44 сая ажилтны хомсдолд орох төлөвтэй байгаа нь ажиглагдсан байна.


Энэ нь өнгөрсөн зургадугаар сард тус улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд мэдээлснээс тав дахин их үзүүлэлт ажээ.


Дээрх ажилтнуудын 60 хувь нь буюу 4 сая орчим нь үйлчилгээний салбарт, 1.87 сая нь анагаах ухаан болон нийгмийн халамжийн салбарт дутагдах бол бөөний болон жижиглэн худалдааны салбар 600 мянга орчим ажилтны дутагдалд орох гэнэ.


Нийслэл Токио хот 1.33 сая ажилтны хомсдолд орох бол түүний араас Канагава, Чиба болон Айчи хотууд жагсаж байгаа юм.


"Чуо" их сургуулийн профессор Масахиро Абэгийн мэдээлснээр, эмэгтэйчүүд болон ахмад настнуудын ур чадварыг ашиглах зэрэг арга хэмжээнд засгийн газрын эрх баригчид болон бизнесийн салбарын тэргүүлэгчид ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай аж. 

Холбоотой мэдээ