“Улаанбаатар” олон улсын кино наадмаар 10 орны 16 шинэ кино үзэгчдийн хүртээл болно

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunzaya@montsame.mn
2018-10-23 17:54:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо олон улсын 10 дахь удаагийн кино наадам энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонтогийн  олон улсын кино наадмаас шагнал хүртсэн 10 орны 16 кино үзэгчдийн хүртээл болно.

Тус наадмыг НЗДТГ, НСУГ, МУЗ хамтран зохион байгуулж байна. Мөн Францын ЭСЯ, Монгол Францын төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт олон улсын кино наадмын дэмжигчээр оролцож байгаа аж. Наадмын Монголын уран сайхны удирдагчаар найруулагч, зохиолч,  УГЗ  Г.Жигжидсүрэн ажиллаж байгаа бол Каннын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет олон улсын уран сайхны удирдагчаар сонгогджээ.




Наадмын олон улсын уран сайхны удирдагч, шүүгч Энн Дэлсетээс сэтгэгдлийг нь сонсов. “Би 2017 онд Улаанбаатар хотноо 9 дэх удаагийн кино наадамд оролцож байсан. Энэ жил зохион байгуулагчдын урилгаар дахин ирж, шүүгчээр ажиллаж байгаадаа баяртай байна. Шүүгчээр ажиллахдаа Монголын кино урлаг ямар олон төрөл зүйлээр хөгжиж буйг олж харлаа. Нээлтийн кино болох “Од ба гэгээ” надад маш их таалагдсан. Учир нь Монголын олон улсад танилцуулж буй кинонууд ихэвчлэн түүхэн сэдэвтэй буюу өнгөрсөн цаг хугацааг харуулдаг. Харин энэ кино бол Монголын одоогийн нийгэм, залуусын амьдралыг бидний төсөөлж байгаагүйгээр тод харуулж чадсан. Монголын киноны уран бүтээлчдэд хандаж хэлэхэд монгол зохиол, монгол хэв маягийг шингээсэн найруулгаар хийсэн кино амжилт авчирна. Олон улсын кино салбарт ч өөрийн гэсэн дуу хоолойгоо илэрхийлэх нь чухал юм шүү” гэв.




“Од ба гэгээ” киноны найруулагч Л.Бат-Амгалан “Улаанбаатар кино наадам энэ жилээс мэргэжлийн түвшинд олон улсын том арга хэмжээ болж байна. Энэ жилийн хувьд 2018 онд шинээр гарсан кинонуудтай танилцахаас гадна олон улсад амжилттай яваа хүчтэй найруулагчдын бүтээлийг үзэх боломжтойгоороо онцлогтой" гэлээ. 

Наадмын онцлох орноор ОХУ шалгарсан бөгөөд Оросын кино үзвэрийн хүрээнд найруулагч Кирилл Серебренниковын “Зун”, Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовский “Үсрэгч” кино өнөөдөр үзэгчдийн хүртээл болж байна.

Оросын кино экспортын олон улсын агентлагийн захирал Юлия Брагина “Энэ удаа манай улсыг онцлох орноор сонгож, намайг зочноор урьсанд маш их баяртай байна. Мөн бидний кино хөтөлбөр том биш ч сонирхолтой олон төрлийн кино багтсан. Оросын найруулагчидтай дэлгэцээр дамжуулан уулзах  энэ үйл явц  ганцхан удаагийнх биш гэдэгт итгэлтэй байна. Манай кино үзвэрт өргөнөөр оролцохыг урья" гэв.




Монгол кино уралдааны богино хэмжээний кино төрөлд Л.Дашдооров найруулагчийн “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис хаан”, Уран сайхны киноны төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” кино тус тус шалгарсан бөгөөд маргааш үзэгчдэд толилуулах бол энэ сарын 25-28-нд Австрали, Аргентин,Герман, Колумб, Исланд, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 9 орны 12 киног  олон улсын кино наадмын хүрээнд үзүүлэх аж. 

Швейцарын дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын их сургуулийн хуулийн сургуулийн профессор Кеннет Круз, Лакорно кино наадмын “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон нар уригдан оролцож байгаа бөгөөд тэд мэргэжлийн сургалт зохион байгуулна.

Кино наадмын шүүгч, хөтөлбөр боловсруулагч Тибу Брак “Улаанбаатар хотод болж буй олон улсын кино наадмын шүүгчээр ажиллаж байгаадаа баяртай байна. Би олон улсын кино хөтөлбөрийг боловсруулахдаа аль болох шинэ кино танилцуулахыг зорьсон, өнгөрөгч 5 дугаар сард  нээлтээ хийсэн кино ч багтсан.  Шүүгчээр ажиллаж байхдаа олон кино үзэж, уран бүтээлчдийн авъяасыг нээсэндээ баяртай байна” гэв.

 Тус наадам нь Монгол киноны, Олон улсын киноны шалгаруулалт, мөн онцлох орны кино хөтөлбөр, кино форум, кино салбарын сургалт гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэж буйг зохион байгуулагчид хэлж байв.

Мөн энэ жил анх удаа кино урлагийн шинэ төрөл болох технологийн дэвшлээр бодит ертөнцийг хиймлээр бүтээсэн “Virtual Reality” киног наадмын хөтөлбөрт шинээр нэмж Монголын үзэгчдэд хүргэж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Грэммийн шагналт Австралийн найруулагч Линет Валвортын Венецийн кино наадмын виртуал кино хэсгээс шалгарсан “Ававена” киног  эл наадмаар үзэх боломжтой аж.

Наадмын хүрээнд Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар кино форум”-ыг энэ сарын 24 -нд “ Анкор төвд зохион байгуулах юм байна.

Г.Өлзийхутаг

 

Холбоотой мэдээ